Р.ЧОЙНОМЫН НУТАГТ ЯРУУ НАЙРГИЙН ХУР БУУЛАА.

Oyukhai-Naadam.jpg

Энэ сарын 11-ний өглөө есөн цагийн орчим Улаанбаатар өртөөн дээр сэтгэлийн хөөрлөө дарж ядсан 20-иод залуус цугларсан байлаа. Цүнх сав үүрсэн, тогтож ядсан байдлыг нь ажвал тэд нэг л зүйлд яарсан мэт. Удалгүй тэд дорно зүгийг чиглэсэн “Нарлаг Монгол” галт тэргэнд сууж одсон юм. Энэ бол Хэнтий аймгийн Бор-Өндөр хотноо болох төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны нэрэмжит “Оюухай” яруу найргийн наадамд оролцохоор явж буй залуу уран бүтээлчид билээ.
Олон жил завсарласан энэ наадам тун ч өргөн цар хүрээтэй боллоо. Наадамд хот, хөдөөгийн 66 яруу найрагч оролцож, нэгэн тайзнаа шүлгээ уншиж уралдсан юм. Урьд өмнө нэг тайзнаас ийм олон яруу найрагч шүлэг уншсан наадам болж байгаагүй болов уу хэмээн хүмүүсийн ярилцах нь чих дэлсэв. Хэнтий аймгийнхан, тэр дундаа Бор-Өндөрийнхөн яруу найрагт туйлын элэгтэй хүмүүс ажээ. Бор- Өндөрийн соёлын төвд завсарлагагүйгээр бүтэн зургаан цаг гаруй үргэлжилсэн энэхүү наадмыг танхим дүүрэн үзэгчид амьсгал даран үзэж сонирхсон юм.
Энэ сарын 12-нд болсон тус наадам яруу найргийн наадам гэхээсээ илүү хот, хөдөөгийн зохиолчид, уншигчид хоорондоо уулзалдсан баяр боллоо. Наадамд оролцохоор мөнөөх Улаанбаатар өртөөнөөс 11-ний өглөө ногт ганзагалан галт тэрэг хөлөглөж одсон Л.Хасар, Ц.Бавуудорж, Б.Сүхзориг, Л.Ганзул, Б.Баярсайхан, Н.Гантулга, Ш.Лхамноржмаа, Л.Моломжамц тэргүүтэй 20-иод залуу яруу найрагчаас гадна Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийг төлөөлж Бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Буянзаяа, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Б.Батрэгзэдмаа нар явсан юм. Мөн Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Дархан-Уул аймгаас яруу найрагчид хүрэлцэн ирсэн байлаа. Наадмын тэргүүн байрыг А.Эрдэнэ-Очир эзэлж, өргөмжлөл 400 мянган төгрөгөөр шагнуулсан бол хоёр, гуравдугаар байрыг Р.Чойном агсны дотнын анд Ц.Нэргүй, “Болор цом”-ын эзэн Ц.Бавуудорж нар хүртсэн юм. Харин тусгай байрын шагналыг Ш.Лхамноржмаа, М.Амархүү нар хүртлээ.
Энэ жилийн “Оюухай” наадмыг Хэнтийн алдарт зохиолч, МЗЭ-ийн шагналт Ломбын Нямаа, төрийн шагналт Р.Чойном агсны Өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд, яруу найрагч Л.Моломжамц, наадмыг ивээн тэтгэгч “Дэлгэрнуур” компанийн захирал Н.Арсланбаатар нар шүүн явуулав. Энэхүү наадам 2006 онд болох Р.Чойном агсны мэндэлсний 70 жилийн ойн өмнө болж буйгаараа онцлог бөгөөд наадмыг Бор-Өндөр хотын захирагчийн алба, Р.Чойномын Өд сан, зээ дүү нар нь, Дархан сумын ИТХурал хамтран зохион байгуулжээ. Мөн 13-ны өдөр яруу найрагчид найрагчийн төрөлх Дархан суманд байдаг хөшөөнд хүндэтгэл үзүүлж гэр музейг нь үзэж сонирхсон юм.
Ц.Мөнх
“Зууны мэдээ” сонин
2005.3.15

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *