БОР-ӨНДӨРТ НАЙРГИЙН ХАВАР “ОЮУХАЙ” НААДМААР ӨРТӨӨЛЖ ИРЛЭЭ.

Oyukhai-Naadam.jpg

Уурхайчдын тосгон гэгддэг Бор-Өндөр өнгөрсөн амралтын өдрүүдэд яруу найрагчдын хөлд дарагдаж өнжлөө. Учир нь эл өдрүүдэд тус тосгонд Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном агсны нэрэмжит “Оюухай” найргийн наадам болсон юм. Найрагчийн төрсөн нутаг болох Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ, Бор-Өндөр тосгоны Засаг даргын тамгын газар, “ӨД” сангийнхан хамтран зохион байгуулсан уг наадамд оролцохоор Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дундговь, Сүхбаатар, Дорноговь зэрэг аймгаас 50 гаруй яруу найрагч хүрэлцэн очсон байлаа.
Харин найргийн наадамд нийт 64 найрагч дөрвөн даваатайгаар шүлгэн хүлгээ уралдуулсан юм.
Сүүлийн жилүүдэд ийм олон найрагч оролцсон наадамд болж байгаагүй билээ. Тиймээс ойрын үед уулзалдаагүй нэгэнтэйгээ уулзсан найрагчдын сэтгэл багагүй хөдөлсөн байлаа. Түүнчлэн өглөөний 11 цагт эхэлсэн наадам бүтэн долоон цагийн турш үргэлжилсэн боловч үзэгчид тун тэвчээртэй сонирхож, нэг ч хүн танхимаас гарч явалгүй шүлэг найргийг амтархан сонссон нь тэдний сэтгэлийн хөөрлийг бүр дэврээж орхисон юм.
Харин энэ хооронд МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир хүрэлцэн очсон найрагчдыгаа замдаа хэрхэн явж очсоноор нь энэхүү наадам
Буянзаяа хотоос булгиж ирэв
Гансүрэн Батширээтээс галгиж ирэв
Ихбаяр Дарханаас гулгиж ирэв
Цолмон Бор-Өндөрөөс цалгиж орсон байна
Гантулга Улаанбаатараас хашгирч ирсэн гэнэ
Ганзул Ган замаас хошгирч ирсэн гэнэ
Занданхүү нутагтаа залбирч ирсэн гэнэ
Отгонцагаан хөөрхий сульдаж ирсэн гэнэ
Амархүү гэзэгтэйгээн
Моломжамц эзэгтэйтэйгээн
Бавуудорж бавайж ирэв
Баярсайхан шовойж ирсэн наадам болж байна

гэх зэргээр шогчлон зохиож үзэгчдийг багагүй инээлгэж амжсан юм. Ийнхүү инээд наргиагаар хачирласан наадмын хоёрын даваанд 30 найрагч тунаж, харин гурвын даваанд 15 найрагч өрсөлдлөө. Эндээс сүүлийн даваанд МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, “Болор цом”-ын дэд байрын шагналт яруу найрагч Ш.Лхамноржмаа, яруу найрагч М.Амархүү, Ц.Нэргүй нар шалгаран үлдсэн юм. Энэ даваанаас хамгийн өндөр оноогоор А.Эрдэнэ-Очир тэргүүлж, үлдсэн дөрвөн найрагч оноо тэнцэн дахин шүлэг оноо тэнцэн дахин шүлэг уншихаар болов. Гэсэн ч Ц.Бавуудорж, Ц.Нэргүй нар дахин оноогоор тэнцсэн байлаа. Ингээд яруу найрагч Ц.Бавуудорж “Хэнтий нутгийн найрагч ах Ц.Нэргүйд хүндэтгэл үзүүлж би түүнтэй өрсөлдөхгүй” гэснээр “Мөнгөн Оюухай”-н эзэн сая л нэг тодорлоо.
Ийнхүү яруу найрагч А.Эрдэнэ-Очир даваа бүрийг манлайлсаар “Алтан Оюухай”-г хүртэж 400 мянган төгрөгийн эзэн боллоо. Харин яруу найрагч Ц.Нэргүй “Мөнгөн Оюухай” өргөмжлөлийг 200 мянган төгрөгийн хамт хүртсэн юм. Тусгай байруудыг яруу найрагч Ц.Бавуудорж, Ш.Лхамноржмаа, М.Амархүү нар эзэлж тус бүр 90 мянган төгрөг өвөртөллөө.
Энэ үеэр наадмыг зохион байгуулагчидтай уулзахад “Бид сүүлийн зургаан жил завсарласан энэхүү наадмыг сэргээн зохион байгуулж байгаадаа маш их баяртай байна. Наадамд маань ийм олон найрагч сэтгэл гарган зорин ирсэн нь хамгийн баярлууштай зүйл байлаа. Хойтон жил энэ наадмаа Улаанбаатар хотод зохион байгуулах бодолтой байгаа. Тийм болохоор найрагчид маань улам өргөн хүрээтэй оролцох байх гэж бодож байна” хэмээн ярьж байлаа.
Онгодын хүлгийг эмээллэн үгийн уургаар санааны морьдоо барьж сойсон найргийн наадам ийн өндөрлөсөн ч энэ өдрийн арга хэмжээ дууссангүй. Наадмыг зохион байгуулагчид маань хүрэлцэн очсон найрагчиддаа зориулан яруу найргийн үдэшлэгийг зохион байгуулсан юм. Тэгэхдээ энд хүрэлцэн ирсэн найрагчдад дуулах бүр болохгүй бол уйлах, тэгээд бас хүссэн бүхэн шүлгээ унших эрхийг олгосон юм. Тэгээд ч тэр үү найрагчид маань шүлэг хэлэхээсээ илүү хөнгөн хөгжмийн аяд хөл нийлүүлэн бүжиглэцгээж, микрофон булаалдан дуулцгааж Бор-Өндөрчүүдэд дуу, бүжгийн чамгүй авъяастай гэдгээ гайхуулаад амжина билээ.
Харин маргааш нь найргийн наадамд хүрэлцэн очсон найрагчид маань Р.Чойномын гэр музейд зочилж, түүний урласан зургийн бүтээлүүд болоод эдэлж хэрэглэж байсан зүйлсийг сонирхсон юм. Түүнчлэн түүний төрсөн нутаг болох Дархан сумaнд хүрэлцэн очиж хөшөөнд нь цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр Р.Чойномын хөшөөний өмнө найрагчид маань шүлгээ уншиж Дарханчуудад өөрсдийн бүтээлээс сонирхууллаа.
Ийнхүү Бор-Өндөрт найргийн хавар “Оюухай” наадмаар өртөөлж ирлээ. Харин хоёр өдрийн турш шүлэг уран бүтээлээ их найрагчийн нутгийнхантай хуваалцсан яруу найрагчид маань их л өндөр сэтгэгдэл, олон олон шүлгийн хамт өвөрлөн, дахин энэ наадмын дэвжээн дээр эргэн уулзахын ерөөл тавин, хүлгийн жолоо нутаг нутгийн зүг заллаа.
Ш.Төгөлдөр
“Монголын мэдээ“ сонин
2005.03.15

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *