“АЛСЫН ХЯЗГААРЫН БАЙЛДАГЧ ТҮҮНД МИНЬ АМРАГ КАТЮШИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЭРЭЙ”

cho1.2Р.Чойномын мэндэлсний  75 жилийн ойд
Гай зовлон, гамшиг сүйрэл, гал утаа  дагуулсан  дэлхийн II дайны он жилүүдэд газар шороо, гал голомтныхоо төлөө амь хайрлалгүй тэмцэн тулалдаж явсан цэрэг эрсийн сэтгэлийг зөөллөн дэвтээж байсан зүйл бол ар гэр, ахан дүүсээс нь ирэх захидал,  амраг хайртыг нь сануулах дуу шүлэг  байсан гэдэг. 
Дайчин эрсийн сэтгэлээс өнчрөл хагацлын бараан сүүдрийг үлдэн хөөж, гэрэлт маргаашийн тухай өөдрөг итгэлийн зулыг тольт зүрхэнд нь асаасан олон олон дуу шүлэг фронтод эгшиглэж байсан. Түүний нэг нь Оросын ард түмний одоо ч дуулах дуртай “Катюша” хэмээх дуу билээ. 
Дэлхий дахинаа түгэн тархсан энэ гайхамшигтай дууг мэдэхгүй хүн гэж  бараг байхгүй болов уу. Дайны хүндийг нуруундаа үүрч гарсан Оросын ард түмний сэтгэлийн долгионыг тод илэрхийлсэн энэ дууны шүлгийг монгол найрагч Р.Чойномын 50 шахам жилийн тэртээ орчуулсан гар бичмэлийг саяхан олж үзлээ.
“Амьсгаа хураах өдрөө хүртэл 
  Ард овогтныг шүлгээр дайлж явсан” төрийн шагналт зохиолч Р.Чойномын мэндэлсний 75 жилийн ойд зориулан урлах эрдмийн лабораторид нь аялсан тэмдэглэлээ өргөн барьж байна.
Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболдтой уулзан хуучилж суухдаа,  “Катюша” дууны шүлгийг  Чойном найрагч хоёр ч янзаар орчуулсан”  гэж сонсоод ихэд сонирхож билээ. Хуучны сурвалжит сэхээтэн, Баатар ван Н.Наваан-Юндэн гуай  “Катюша” дууны шүлгийг орчуулсан  гэж мэдэх юм. Харин “Ураг сайхан Монголынхоо алдар, түүх хоёрыг дуулж явсан” Чойном найрагч хэрхэн орчуулсныг үзэх хүсэл төрснийг нуух юун.
“Өд” сангийн тэргүүн Д.Ганболд их зохиолчийн өвийг уйгагүй цуглуулж, ном бүтээлийг нь олны хүртээл болгох ажлыг цуцалтгүй үргэлжлүүлж байгаа хүн. Р.Чойномын номын сангийн цувралаар 22 ном хэвлэн гаргасны зэрэгцээ өнгөрсөн жил вэб сайт нээн ажиллуулж эхэлсэн  тэрбээр “Өд” сангийн архивт хадгалагдан буй найрагчийн тэмдэглэлийн дэвтрийг үзүүлсэн юм. Эхнийх нь улаан өнгийн жижиг дэвтэр байна. 
Шүлгийн дэвтрээ улаанаар хавтасласан нь  
 Шүрийг бус цусыг дүрсэлсэн юм
 Шүүн тунгаасан үг бүхний минь
 Үсэг тутамд  миний цус буй! хэмээн тэртээх жараад онд бичиж байсан Чойном найрагч уг дэвтрийнхээ хавтасны дотор талд нь өнгө ялган будсан өөрийнхөө гэрэл зургийг наажээ. “Муусайн шүлгийн дасгал” 17-р дэвтэр. 1965 он” хэмээн хаягласан мөнөөх дэвтэрт нь олон тооны шүлэг байнаа. Ихэвчлэн орос, казах хэлнээс орчуулсан шүлгүүдээс бүрдсэн эл дэвтрийн 149 дүгээр хуудсанд сэтгүүлээс авсан бололтой шинельтэй бүсгүйн зураг наасны доор “Катюша” дууны шүлгийг эх хэлээр нь сийрүүлжээ. Харин 150-151 дүгээр хуудсанд дууны нотыг зурсан бол, 152 дугаар хуудсанд уг дууны шүлгийг орчуулснаа  бичсэн байна.

Катюша
katusha_1

1. Расцветали яблони и груши,
Поплыли туманы над рекой.
Выходила на берег Катюша,
На высокий берег, на крутой.

Выходила, песню заводила
Про степного сизого орла,
Про того, которого любила,
Про того, чьи письма берегла.

Ой ты, песня, песенка девичья,
Ты лети за ясным солнцем вслед
И бойцу на дальнем пограничье
От Катюши передай привет.

Пусть он вспомнит девушку простую,
Пусть услышит, как она поет,
Пусть он землю бережет родную,
А любовь Катюша сбережет.

Расцветали яблони и груши,
Поплыли туманы над рекой.
Выходила на берег Катюша,
На высокий берег на крутой.

Катюша

1. Алим лийрийн модод цэцэглээд
Аясын будан гол дээр хөшиглөөд
Өндөр цавчим эргийн дээгүүр
Өгсөөд гарлаа хүүхэн Катюша

2. Гарч зогсоод дуугаа аяланхан
Гардан хадгалсан захидлаа дууллаа
Талын буурал бүргэд нь болсон
Танхил амрагаа дурсан дууллаа

3. Дуу, ай хө, охимсогхон тэр дуу
Дулаахан хурц нарыг дагаад
Алсын хил дээрх байлдагч түүнд нь>
Амраг Катюшийн мэндийг хүргээрэй!

4. Эгэл бүсгүйг дурсаг тэр хүн
Эгшиг дуугий нь сонсог тэр хүн
Эх нутгаа хайрт нь хамгаалаг,
Энхрий хайраа Катюш хамгаална

5. Алим лийрийн модод цэцэглээд
Аясын будан гол дээр хөшиглөөд
Өндөр цавчим эргийн дээгүүр
Өгсөөд гарлаа хүүхэн Катюша
Орчуулав Р.Чойном хэмээсэн эл дэвтэрт “Подмосковные вечера” дууны шүлгийг хүртэл орчуулсан байх аж.
Харин А/5 хэмжээтэй хүрэн бор өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтрийг 1971 онд нээжээ. Уг дэвтэрт “Катюша” дууны шүлгийг шинээр орчуулснаа улаан, цэнхэр өнгийн тосон балаар ийнхүү сийрүүлсэн байна.
katusha_2

Катюша

Өнгөт цэцгээн алим лийр дэлгэж
Өргөн гол дээр будан татнаа
Өндөр эгцхэн эргийн нь дээр хө
Хүүхэн Катюша хүрээд ирлээ

Голын дээр Катюша ирээд
Талын буурал бүргэдээ дууллаа
Амар мэндийн захидлыг нь авсан
Амраг хайртаа дурсан дууллаа

“Ай хө, унаган багын минь дуу чи
Алтан нарыг даган нисээрэй (дэгдээрэй)
Алсын хязгаарын байлдагч түүнд минь
Амраг Катюшийн мэндийг хүргээрэй

Энэхэн дууны минь эгшгийг сонсоод
Эгэл бүсгүйг дурсах болтугай
Нутаг усаан тэр минь хамгаалаг,
Нууцхан хайраа би чинь хамгаалнаа”

Өнгөт цэцгээн алим лийр дэлгэж
Өргөн гол дээр будан татнаа
Хүслийн дуугаа уянгалуулсаар
Хүүхэн Катюша яваад өглөө

Орчуулав Р.Ч
15/XII. 71 г.

Р.Чойном дөнгөж дөрөвдүгээр ангийн боловсролтой нэгэн байсан. Тэгсэн мөртлөө “орос хэлэнд гаргуун хүн байсан” гэдэг. Түүний нэгэн баталгаа болох Дагестаны ардын яруу найрагч Р.Гамзатовын “Кавказ аялгуу” шүлгийн түүвэр орчуулсаныг нь Д.Ганболд өнгөрсөн жил эмхтгэн хэвлүүлсэн билээ.
“Катюша” дууны шүлгийг Чойном яагаад хоёр хувилбараар бичсэн нь надад сонирхолтой байсан учир орчуулагч Ж.Нэргүй ахаас асуусанд,
-Өөрийгөө хүндэлдэг ямар ч орчуулагч өмнөх бүтээлээ байнга засаж, редакторлож байдаг. Ийм л сэтгэлээр Чойном ч бас 1965 оныхоо орчуулгыг зургаан жилийн дараа зассан байна л даа. Засахаас ч аргагүй мөрүүд харагдаж байна. Бас эхнийх нь хувилбар “Катюша” дууныхаа аянд төдийлөн таарахгүй байна л даа. Үүнийгээ Чойном олж харалгүй яахав дээ. Харин сүүлчийнх нь шүлэг дууныхаа айзамд илүү ойртож. Чи өөрөө аялаад үз л дээ гэж билээ.
Брестийн цайзын гарнизон, Сталинградын тулалдаан, Ленинградын бүслэлт, Курскийн цүлхэн, Рейхстагийн дэргэд зэрэг газар бүр эгшиглэж байсан “Катюша” дууг Ринчиний Чойном монгол хэлнээ буулгасан түүхийг цухас дурьдахад ийм буюу.

Ч.Болд

Leave a Comment

Your email address will not be published.