“БУРИАД” НАЙРАГЛАЛЫГ ГАР БИЧМЭЛ ЭХЭЭС НЬ ХЭВЛЭЖЭЭ.

Khan Khentii Buriat…Р.Чойном манайд байх хугацаандаа аймгийн “Урагшаа” сонинд үе үе зураг, чимэглэл хийдэг байлаа. Сонины эрхлэгч Н.Хасбазар гуай ч шагналын хэдэн төгрөг өгдөг байсан юм билээ. Нэг өдөр Чойном маань “Сонин дээр ажилтай” гэж яваад хоёр хоног сураг гарсангүй. Би таньдаг айл хунар, танил нөхөд, сонины газар, тэр ч байтугай Хэнтийн цагдан сэргийлэхээс сураглаад ч байдаггүй. Өөрөө “намайг алга байвал сэргийлэхээс асуугаарай” гэж захидагсан. Гэтэл гуравдахь хоног дээрээ нэг их ядарчихсан царайтай, амьсгаадсан амьтан ороод ирэх нь тэр. Мань хүн я юм ярихгүй, би ч ирсэнд нь дотроо баярлавч гаднаа царай өгөхгүй нэлээд суулаа. Тэгтэл нөхөр маань ам нээж
-Чи юу гэж уурлаж дуугаа хураагаад байгаа юм бэ гэв. Би хариуд нь
-Уурлахгүй яах юм бэ. Цүнхээ даахгүй амьсгаадаж байж, биеэ бодохгүй хэд хоногоор алга болж, архидаад байхдаа яадаг юм. Чи өөрөө өөртөө хэрэггүй юм гэхэд ард түмэнд хэрэгтэй. Юугаар дутлаа гэж айл хэсэж явдаг билээ гэж уцаарлав. Бид хоёрын ам зөрсөн ганц яриа гэвэл энэ байх. Тэгтэл нөгөөх чинв хэнэг ч үгүй “За чи битгий уурлаад бай. Одоохон дотор засах юм өгөөдөх. Чи намайг юу бичсэн гэж санана. Наашаа суу, сонс” гээд арванхоёр мөнгөний улаан хүрэн хавтастай дэвтэр гутлын түрийнээс гарган ширээн дээр тавилаа. Зэрвэсхэн харвал “Буриад” найраглал гэж гараар бичсэн нь өөрийнх нь бичиг мөн байв. Би сонирхомдог болж, дөтөлж суухад, ийм нэг бяцхан түүх ярьсан юм.
-Би уржигдар “Урагшаа” сониноос гараад танктай хөшөөний зүүгээр урагшаа явж байтал намын хорооны урдах “Бөхтэй цэцэрлэг” дотор хэдэн хүн сууж байна. Наран доогуур харахад нэг шил гялсхийгээд авах нь архи ууж байгаа бололтой. Хүрээд очсон чинь хэдэн “дүлзэн” буриадууд архидаж байна аа. Тэд намайг нэг л анзаарах шинжгүй байснаа нэг нь яриа өдөж,
-Хэн гэдэг, юу хийдэг хүн гээшивш гэж байна. Би “яруу найрагч хүн дээ” гэв. Нэг нь “яруу найрагч гээшимнээ ямар ажилтай хүн гээшив” гэж байна. Би “шүлэг бичдэг хүнийг хэлдэг юм аа” гэв. Тэд “Тэгвэл бидэнд шүлэг хэлж өгийш” гэв. Тэгэхэд нь би наргиа болгож “Архи л өгвөл шүлэг хэлж болох юм” гэтэл тэд сахалтай, сахалгүй хушуугаар тойруулж хэд балгаснаа дараа нь надад бараг дүүрэн шилтэй архиа сарвайлаа. Тэгээд би буриадуудын талаар багцаа мэдэхийн хувьд,
“Нэр минь, шүлэг минь, зүрх минь
Нэг л цагийн өртэй юм шиг
Мэдэл эрхгүй татагдаад байна
Мэнд амар аа! Буриад зон гэснээ үргэлжлүүлэн
“Баавай та нарыгаа Хан Хэнтий шигээ
Бат түшин жарган суухын
Ариухан ерөөлийг зүрхэндээ шившээд
Амьсгаа даран хөнтөрч орхиё”
гэж хэлээд дугтарч орхилоо. Тэгтэл нөгөө буриадууд ч ааш зан нэг л өөр болж,бие биеэ харж хэдэн үг солилцсоноо мөнгөө нийлүүлж баахан архи аваад, очих айлаа эргэлзэхэд нь би тэднийг дагуулж Дархан сумын харьяат, жолооч, шагай мэргэн харваж уухай түрлэг сайхан хийдэг, уртын дуучин “Баазын Шар” хэмээх өвгөнийд дагуулж очоод хоёр хоног мөн ч их архи уулаа. Найраглалаа ч гүйцээлээ. Буриадуудын маань мөнгө ч дуусав бололтой. Шар гуай бид хоёр тэдэнд гурван шил архи авч өгсөн чинь тоох ч үгүй хөнтөрчихнө билээ. Ёстой ёроолгүй торхнууд юмсанж. Би ч арайхийж л наашаа ирлээ гээд нөгөө “Буриад” найраглалаа уншиж билээ…
Олны сайн мэдэх “Буриад” найраглал ингэж төржээ. Анхны уншигч нь дээрх дурсамжийг тэрлэгч, яруу найрагч Ц.Нэргүй агсан байв. Р.Чойномыг эсэргүү нэр хоч зүүн адлагдаж явахад нь андын сэтгэлээр түшиж, гэртээ байлгасан энэ эрхэм найрагч хожим нь 1990-ээд онд “Чойномтой нөхөрлөж явсан минь” хэмээх дурсамжийн ном хэвлүүлсэн юм. Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын “Буриад” найраглалыг Ц.Нэргүй найрагч болон Хэнтий нутгийн авьяастан, багш Ц.Бадамцэрэн нарын цээжилснээр “Сүмтэй будрын чулуу” номд нь анх оруулж олны хүртээл болгожээ. Түүнээс хойш уг найраглалыг хэд хэдэн хүн буриад хэл дээр хөрвүүлж байсан юм. Саяхан Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангаас эрхлэн “Буриад” найраглалыг анхны бүрэн эхээр нь, мөн хэд хэдэн удаагийн буриад хөрвүүлэг болон орос орчуулгыг нь зэрэгцүүлэн хэвлэн гаргасан байна. Анхны бүрэн эх гэсний учир нь “Сүмтэй будрын чулуу” номд орсон “Буриад” найраглал бусдад хадгалагдаж байсан, цээжээр мэддэг хувилбар аж. Харин “Өд” сангийнхан яруу найрагчийн өөрийнх нь гар бичмэл эхийг бүрэн эхээр нь анх удаа хэвлэжээ. Тиймээс олны мэддэг “Буриад” найраглалаас зарим нэг мөр бадаг зөрүүтэй, тэр нь ч нэн сонирхолтой ажээ. Энэхүү бүрэн эхийг нь буриад аялгад Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, доктор Той.Галсан хөрвүүлжээ. Мөн Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, яруу найрагч Д.Дашшарав, Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат Ц.Намсрай, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Чингис Гуруев нар “Буриад” найраглалыг төрөлх буриад аялгадаа хөрвүүлснийг зэрэгцүүлэн хэвлэжээ. Хүн хүний хөрвүүлэг өөр өөр. Харьцуулан харахад сонирхолтой юм билээ. Ц.Намсрай орчуулагч л гэхэд эртний буриад аялгыг баримтлан хөрвүүлснээрээ онцлогтой байх жишээтэй. Мөн уг найраглалыг ОХУ-ын Буриад улсын орчуулагч Н.Цыремпилов орос хэлнээ буулгасан байна.
Г.Сонинбаяр
“Амралтын шуудан” сонин

Leave a Comment

Your email address will not be published.