МАРГААШ: 2 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР.

bicheechӨдгөөгөөс 75 жилийн тэртээ энэ өдөр буюу 1936 оны 2 дугаар сарын 10-нд бидний эрхэмлэн дээдлэгч найрагч маань хорвоод мэндэлсэн билээ. Түүхэн ойг тохиолдуулан “ӨД” Сангийн хамт олон найрагчийн төрсөн өдрийг ганцхан өдөр бус бүтэн жилийн турш тэмдэглэх тул уншигч, үзэгч та бүхэн бидэнтэй байнга хамт байна гэдэгт гүнээ итгэж байна. Ингээд та бүхэнд жүжгийн зохиолын нэрт мастер төдийгүй, “Р.Чойном” өчил драмын жүжгийн зохиолч Авидын Шартолгойн бичсэнийг толилуулж байна.
ОЮУНЫ ШИМ МАНДАЛ…
…Амьд мөртлөө, үхсэн хүн шиг хүн байх юм
Үхсэн байтлаа амьд юм шиг хүн байх юм…

М.Цэдэндорж
Яруу найрагч Мишигийн Цэдэндорж нэгэнтээ ингэж шүлэглэсэн юм. Үнэхээр үгүй байтлаа дэргэд амьд яваа юм шиг хүний нэг нь Ринчиний Чойном билээ. Хуучин тогтолцооны үеийн нэг намын үзэл суртлын боомлолын үед Р.Чойномын бичсэн шүлгүүд нь, бусдын толгой дээр цахиур хагалж мэдэх гэсэн айдас, хэсэг бусаг хүмүүсийн өөрсдөөсөө илүү гарчих вий гэсэн атаархал байсныг өнөөдөр үгүйсгэх аргагүй Р.Чойном бусдын адил хүн л юм чинь түүнд алдаж эндэж явсан үе бий.
Хүн бүхэн өөрийн сүүдэр гэм хоёроо дагуулж явдаг ч, харин Чойномыг болохоор ямагт сүүдэртэй талын нь тандан отож түүгээр нь, зохиол бүтээл оргилуун сэтгэлий нь нухчин доош дарж явсан тийм цаг үе, нийгмийн үзэл сурталжсан дарангуйлал байсныг, хамт туулсан өнөөгийн зарим хүмүүс, үзэг нэгтэй нөхөд нь тодхон санаж байгаа байх. Р.Чойном бусдын адил өндөр боловсролгүй ч тэр өөрөө өөрийгөө боловсруулах ухаан төгс нэгэн байж. Ертөнцийн юмс үзэгдэл, цаг нийгмийн өнгө аясыг мэдрэмтгий олж хараад, яруу найргийн хэл хэллэг, онгод билгийн омголон цочмог дүрслэлээр шүлэглэсэн нь “Бүгд найрамдахаа” уншуулж гэмтэний дансанд үдүүлж, үзэл сурталтны ад шоо болсон юм.
Улс нийгэмд гэм хохирол учруулсан, үнэхээр улс төрийн гэмт хэрэгтэн байсан юм бол, энэ цаг үед ч яахан хилс хэмээн цагаатгаж, Төрийн шагналыг нэхэн олгохын учир юу билээ.
Р.Чойномын олон мянган мөр гар бичмэл эх зохиол шүлгүүд нь уншигч шүтэн бишрэгчдийн гар дээр ил далд үлдэж, зарим нь зохиолчдын хорооны шугамаар биш, тойруу замаар хэвлэгдсэн ч ихийг хийж бүтээж болох байсан найрагчийн ид оргилуун гал дөлтэй үг нь судсандаа буцалж, тархиндаа хаалттай ширгэсэн нь харамсмаар аж. Таван удаа өргөдөл бичихэд нь түүнийг Зохиолчдын эвлэлийн гишүүнд элсүүлэхгүй байсныг бодоход түүний өмнө ямар өндөр “босго” байж вэ гэсэн ч уншигч олон түмний сэтгэл зүйг хааж чадаагүй юм. Энэ нь тухайн үедээ Р.Чойномд нуух юм байгаагүй ч далд уншигчтай байсан нь анхаарал татдаг. Далд уншигчид Чойномыг хэрэгт хийчихвий гэсэндээ биш, нэг л мэдэхэд Чойномыг өөрийн эрхгүй унших гэж хорхойсдог болчихсон байсандаа эмээдэг, болгоомжлолд автагдсан “айдас” байсан бололтой. Эс тийм бол юунд нэг нэгнээсээ нууцлан хуулж дамжуулж уншин, мөр бадгаар нь цээжлээд сэтгэлийн таашаал авч бишрэн хошуурдаг байсан байх нь вэ. Энэ нь уншигч түмний буруу биш, харин ч сонор дэлдсэн содон соргог хурц хэллэгтэй, уран ёгтлол дүрслэлтэй зохиол бүтээл шүлэг найргийг хүсэн хүлээж байсных болов уу.
Аянга цахилгаантай догшин аадар, эсвэл хар салхитай угалзын дараа, тэнгэр цэлмэх адил цаг нийгмийн агаар амьсгалах цаг ирэхэд үнэн мөний дэнсэн дээр Чойном улам өндөрөө авч, ясны яруу найрагчийн эцсийн амьсгал шингэсэн,
…Хүний ертөнцөөс нэг хүн дутаж
Хүндэтгэлийн ертөнцөд нэг хөшөө нэмж,
Энэ цагийн их тэнэгүүдтэй хийсэн
Ринчиний Чойномын цусгүй дайн дууслаа
” гэсэн сүүлчийн шүлэг зураач Дэмбэрэлийн аяганы шүүгээнээс ч олдсон байг, дэрэн дорхи дэвтрээс нь ч олдсон байг, зөвхөн бидэнд бус, хүн төрөлхтөнд хэлсэн үг юм болов уу.
Ардчилал шинэчлэл бий болж анхны “алтан хараацайнууд” ч Монголын ардчилсан Холбооныхоо №01 батлахаа Р.Чойномын нэр дээр бичиж, Ардын уран зохиолч Тангадын Галсан “Р.Чойном бол, Нууц Товчооны ил задгай үргэлжлэл байв” гэж сая зоригтойгоор өндөр үнэлж, Норовлингийн (яруу найрагч) Ц.Нэргүй:
…Цаг их өөр болсоон, Чойном минь
Цагдаа нар хүртэл шүлгийг чинь цээжилдэг болсон
Өндөр дээрээс чамайг улс төрийн хэрэгтэн гээд зүхэж байсан хүмүүс
Индэр дээрээс, өнөөдөр уянгын хаан гээд хашгирч байна
Чамд нөхөд их олон болсон шүү Чойном минь
Чадалтай баячууд бүгдээрээ анд нөхөр чинь байсан гэнээ
Чалхтай авгайчуул цөмөөрөө амраг чинь явсан гэнээ
Чамд нөхөд их олон болсон шүү Чойном минь…
гэж яруу найргийн дэвжээнд аргадан учирлахад хүрсэн нь уншигч танаа нэгийг бодогдуулах биз ээ. Үнэхээр цаг өөр болсоон.
Орчин цагийн оюунлиг хүмүүс Р.Чойномын зохиол бүтээлийг чөлөөтэй унших болж, Р.Чойномын өвийг хамгаалах, хадгалах, сурталчлахаар “Өд” сан байгуулагдаж, Р.Чойномын музей үзмэр бий болж, утга зохиол судлаачид судалгааны үнэлгээ үгээ харамгүй “хайрлаж”, уншигч олон түмэн өөрийн гар дээр байсан Р.Чойномын зохиолын гар бичмэл эхийг “Өд” санд, өөрийн биеэр ирж, өгч тус дэм үзүүлж, нэрт яруу найрагч, төрийн шагналт Р.Чойном он цагийн шалгуур дааж даваад цагийг эзэлсэн хэвээрээ байнаа, тиймээ Чойном минь, уншигч түмэн минь цаг өөр болсон шүү…
“Өд” сан, “Жиком пресс” ХХК хэвлэлийн газраас Р.Чойномын зохиолын цуврал шүлэг найргийг хэвлэн гаргаад уншигч таны гар дээр өргөн барьсаар байгаа. Залуу хойч үе минь XXI зуунд Ринчиний Чойномтой чөлөөтэй уулзах боломж нээлттэй.

tsuvral
Дээр нь дарж томруулж үзнэ үү!

Р.Чойномын гэгээлэг талын шүлэг найргаар нь бид бахархахын учир гэвэл, 1960-1970 оны үеэс Монголын утга зохиолд чөлөөт сэтгэлгээний шинэ ертөнцийг анх нээсэн зоримог яруу найрагч юм. Түүний бүтээл, оюуны шим мандал байлаа…
МЗЭ-ийн шагналт зохиолч А.Шартолгой

Leave a Comment

Your email address will not be published.