“СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ШҮЛЭГ-2

028-Sumtei-budarin-chuluu.jpg

Sumtei budarin chuluu Naadam 1Нэрт найрагчийн мэндэлсний 75 жилийн ойг тохиолдуулан зохион явуулсан Р.Чойномын нэрэмжит Монголын Оюутны “Сүмтэй бударын чулуу” яруу найргийн наадамд оролцсон уран бүтээлчдийн бүтээлийг шүүгчдээс авсан оноогоор жагсаан цувралаар нийтэлж байна.

 

 

Үсэн дотор минь шувуу жиргэв хэмээх бүлэг шүлэг

I
Царсны дэргэд гараа өргөн зогсоод
Шар өнгийг хүлээхэд
Зовлонт шувуудын дуун тэнгэрт царцаад
Цэнхэр хүслийн минь үзүүрт тээр болно
Улнаас минь хүйтэн оргиж
Хүлээлт болсон шар өнгө хөл хучина
Шувуудын дуун уулсын цаана
Одоо ганцхан л хүсэл үлдсэн…
Царсны дэргэд гараа өргөн зогсоод
Цагаан өнгийг хүлээнэ
Гэвч…
Хурууны минь үзүүрийг жавар тэмтэрнэм

II
Өвгөн шувуу…
Үснээс минь ширхэг ширхэгээр нь зөөнө
Үнэг хайчлаж чиний ирэхийг хүлээхүл
Өнө хожимоо чи миний хүслийг ойлгоно
Үзэг цаасыг өндгөөрөө тэмтэрхүл
Өвгөн шувуу…
Үснээс минь ширхэг ширэхгээр нь зөөнө
Зулайд минь нар хальтрах мөчид
Үзэг цаасыг нүдээрээ тэмтэрхүл
Өвгөн шувуу үүрээ орхино
Өнө хожимоо би ч бас түүний хүслийг ойлгоном.

III
Үүнийг л гээхгүй бол
Өнөд өөрийгөө зэмлэнэ
Үсэн дотор минь шувуу жиргээд байна
Урьд шөнө…
Сар ямар тод байсан гээч
Би сүүдрээ олж харсан
Дэрвэх сормуус…
Хайр нэхсэн харц…
Урьд шөнө…
Сар ямар тод байсан гээч
Үүнийг л гээхгүй бол
Өнөд өөрийгөө зэмлэнэ
Үсэн дотор минь шувуу жиргээд байна.

“Их Монгол” дээд сургууль
Ганзоригийн МӨНХБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *