“СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН ШҮЛЭГ-4

029-Sumtei-budarin-chuluu.jpg

Sumtei budarin chuluu Naadam 2Нэрт найрагчийн мэндэлсний 75 жилийн ойг тохиолдуулан зохион явуулсан Р.Чойномын нэрэмжит Монголын Оюутны “Сүмтэй бударын чулуу” яруу найргийн наадамд оролцсон уран бүтээлчдийн бүтээлийг шүүгчдээс авсан оноогоор жагсаан цувралаар нийтэлж байгаа билээ.

 

 

Орхон их сургуулийн IY дамжааны оюутан Батаахүүгийн Нэргүй

Шүлэгчдийн ертөнцөд

Ганцаардлын ертөнцийн тэр залуутай
Ганцхан удаа амрагласан
Харцандаа тээсэн гуниглалаараа
Хацрыг минь илбээд дэндүү хүйтэн байсан

Бэлзэг сүй үгүй эрх чөлөөнд
Бусдын сүүдэр хүүшилдэггүйд нь би шунасан
Эмзэглэл тээсэн төрхөндөө
Эрээд ч олдохооргүй тайтгарал нуудагт нь би дурласан

Уруулаас нь бэтгэрэл минь гирэвшивч
Удаан бүр удаан үнсүүлмээр л санагдсан
Тэврэлт нь улам ихээр ганцаардуулж
Тэнд л үүрд үлдчихмээр нам гүм байсан

Тийм л гоё шаналалт ертөнцийн
Үүдээр нь дахин дахин шагайхсан
Тэндээс найрагчдын бодлын чимээг чагнаж
Үнэн оршдог хүлэмжинд нь утга болж цэцэглэхсэн
Тийм л гоё шүлэгчдийн ертөнцөд….

МУИС-МХСС-Утга зохиолын ажилтан
Б.Дөлгөөн

Хөнгөн гуниглах би дуртай

Худлаа инээд надад хэрэггүй ээ
Хөнгөн уйтгарлах би дуртай
Өнчин болжморын харууслын аязанд уярч
Өрц юүгээн өмтлөх би дуртай
Бүтдэг хайр надад зохидоггүй юм билээ
Бүтэн сар ч хүрэлгүй уйдчихдаг юм
Бүдэг гэрлийн дунд хэн нэгнийг санасандаа
Бүлээн гунигаа урсгах надад таатай
Царайлаг залуу зүрхийг минь хулгайлбал
Царайчилж гуйхгүй ээ авбал аваг над хэрэггүй
Зүрхгүй хоосон цээж шөнөөр ганцаардаж
Зүүдэндээ зүрхээ буцааж авдаг юм
Намайг тоогоогүй залууд би баярладаг
Нуугдсан онгодыг минь сэрээж шүлэг тэрлүүлдэг юм
Амар сайхандаа жаргадаг үлгэр шиг хайр хэрэггүй ээ
Анхандаа ханхүүтэй гэрэлдэг ч салдаг юм билээ үнэндээ
Өнөөдөр түүнийг хайрлаж маргааш тэрэнд дурласаар
Өдөр бүр өөрөөр амьдарч хөнгөн гуниглах би дуртай

ИЗИС-ийн Чингис-Соосэ ОУХСургуулийн
ОУХА-ны 428-р бүлгийн оюутан Гантөмөрийн Жаргал

Тэр шөнө би гоо үзэсгэлэн

I
Намар үгүй, хавар үгүй, бүр улирал ч үгүй галзуурч
Навчисгүй, хайргүй хагацал ч үгүй тунирхаж
Дурсамжгүй, дурлалгүй, дусал нулимс ч үгүй ганцаардаж
Дуудаад ирдэггүй чамд ганцхан үг сөгнөлөө
Тэр шөнө би гоо үзэсгэлэн
Тэнүүн талын цэцгэнд эрвээхэй болном.
II
Зүрхний цохилт, зүүдний эзэн, зүсэр бороо жаргал дагууж
Зүүчээ оддын нулимсыг хурмаст өөрөө арччихаад
Зүггүйхэн саран дүрсгүйтэж энгэр цээж задгайлахад
Зүүдэн холын болзоо халуун тэврэлтэд ууслаа
Тэр шөнө би гоо үзэсгэлэн
Тэвчээр алдан гоёмсоглох тогос болном.
III
Харанхуйн гүнд ханхар цээж, хайрын бал, янаг уруул тэнүүчилж
Хаашаа ч үл зугатах жингэр адил гийнаж
Торгон хөшиг чичрүүлэнхэн охин сэвлэгээ илбүүлж
Таашаал янаглал дунд би өөрөө замхарлаа
Тэр шөнө би гоо үзэсгэлэн
Тэнгэр өөд дүүлэх сүнсэн бие болном.
IV
Бүгээн үдэш, бүлээн нулимс, бүтэн хайр, нүцгэн бие хөлбөрхөд
Нүгэлгүй онгон хэвлийн гантиг илдээр тамгалагдан
Гуниггүй, жаргалгүй юу ч үгүй хоосон мэт боловч
Гуйлгачин энэ хорвоод үрийн заяагаар баярхана
Тэр шөнө би гоо үзэсгэлэн
Тэртээх алсын чанадад эмэгчин гөрөөс болном.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *