НОМЫГ НЬ УНШИЖ БЭЛЭГ БАРЬЯ

(Уншигчид зориулсан үг)
Монголчууд одоо “1990 оноос хойш…” хэмээн их л эртний түүх үгүүлэх мэт ярих болжээ. Төмөр морин жилийн ардчилсан хувьсгалын гол ололт нь юуны өмнө монгол оюуныг чөлөөлсөн явдал мөн.
Үзэл суртал, намчирхал, номчирхолын “дарамт” дор хэлэх гэснээ хэлж, ярих гэснээ ярьж, хийе гэснээ хийх, бүтээл туурвилаа өөрийн хүсэл зорго, санаж сэтгэснээр “гүйцэлдүүлэх” боломж байсангүй. Бүх нийтээрээ л тийм байсан. Тэр цагт үндэстнийхээ хувьд бид өөрийн өв соёлыг дээдэлж өргөмжлөх, үүх түүхээ үнэнээр ойлгож ухаарах, омогшиж бахархах эрх байсангүй.
Ерээд онооос хойш үнэхээр тэр байдал огт өөр болсон. Ардчилалтай байна гэдэг хүн ард маань эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө амьдардаг боллоо гэсэн үг юм. Энэ бол яахын аргагүй түүхэн өөрчлөлт, түүхэн ололт.
Хавчигдмал, хяхагдмал байдал нийгмийн өмнө олон олон асуултыг тавьж, эзэнгүйдсэн оюун ухаарал “дэлбэрэлтийн өмнө” ирээд байсны тайлал нь 1990-ээд оны ардчилсан хөдөлгөөн яахын аргагүй мөн.
“Сэхээтний төөрөгдөл” гэж юу байв?, “Лоохуузтан юу хэлж, юутай тэмцсэн юм бэ?”, “Төмөр-Очирыг хэн, юуны учир золигтуулав?” гэх мэтийн асуултуудад цаг үе, амьдрал өөрөө хариу нэхэж байлаа. Ерээд оны ардчилсан хөдөлгөөнтэй давхцан босож ирсэн олон асуултын дотор “Ринчиний Чойном гэж хэн байв аа?” “Түүнийг юуны учир хэлмэгдүүлэв?” гэдэг асуулт ч бас тодоос тод сонстох болсон.
Ардчилсан хөдөлгөөн ид өрнөж байхад Сүх жанжны талбай дээр Р.Чойномд зориулсан “Яруу найргийн баяр” болж, ШУТМ-ийн Төвд яруу найрагчдын нөхөрсөг уулзалт зохион байгуулж, Чойномын тухай “тодруулга” хийгдэн, ер нь тэр үед “Чойномын төлөөнөө” хийгдсэн санаачлага бүхэн нэхэл хатуутай асуултуудад хариулах их “ажил”-ын эхлэл болж байлаа.
Тухайн цаг үед Р.Чойномоор бахархах, билигт найрагчийг ялт хэрэгт унагагчдыг “яллах” үйл ажиллагаа аяндаа өрнөж, Чойном өөрийн “сэнтий”-дээ суух цаг болж байгаа нь анзаарагдаж байсныг ШУТМ-ийн Төвд болсон уулзалтыг зохион байгуулагчдын нэгийн хувьд үүнийг бичигч сайн мэдэх юм. Тэр уулзалтанд яруу найрагчдийн анд нөхөд Ш.Сүрэнжав, Н.Очирбат, сүүлчийн амьсгалаа хураахад нь дэргэд нь байсан зураач Л.Дэмбэрэл, эхнэр Ч.Сугармаатайгаа, мөн зураач Я.Үржнээ, Ш.Галсандорж, О.Нармандах нар биеэр оролцон, дурсамжаа ярьж, зарим нь түүний шүлэг зохиолоос уншиж байсансан. Хүн бүхэн Чойномын бүтээлийг “биеэрээ” мэддэг байсан нь мэдрэгдэж байсан.
Хожим Ш.Сүрэнжав, Ж.Бямбаа, Д.Цоодол нарын нөхөд Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу” номыг нийтлүүлж, Чойномоо нэхсэн уншигчдын сэтгэлийг тайтгаруулж “цангааг” нь тайлж өгсөн түүхтэй. “Сүмтэй бударын чулуу” ном бол эзэндээ алдагдсан алдар сууг нь эгүүлж авчирсан аугаа их ялалт байсан бөгөөд магадгүй тэр ялалтын уухай, туг нь байв. Төрийн “дайсан” Чойном төрийн шагналтан болоход тэр ном л буухиачийн үүрэг гүйцэтгэсэн. Ийнхүү Р.Чойномоос айдаг, дөлж зугатдаг үе өнгөрч Монгол орон Чойномтойгоо хамт ардчилсан хувьсгалынхаа ялалтыг бэхжүүлж, урагшлан алхалж байсан билээ. Удалгүй ардчилалын түүчээ тогоруудын нэг – жүжигчин Д.Сосорбарам Чойномын дуу хоолойгоор бусармаг бүхнийг “булшилдаг” болж, түүнийг аугаа эх оронч хэмээн цоллон, магтан дуулдаг болсон нь ардчилсан үеийн бас нэг содон үйл явдал болж байлаа.
Ринчиний Чойном бол өөрийн амьдарч буй цаг үедээ итгэл, сэтгэл алдарч, “зүрх нь эмтэрсэн монгол найраг”-аа “зөрүүд өөртөө л” нулимстай уншдаг хүн байсан нь одоо улам тодорхой болсоор байна. Тэр “Энэ биеийг хүмүүс биш энэхэн үе минь эвдлээ” гэж үздэг байжээ. Тиймээс ч магадгүй үг нь улам бүр хатуу болж, үзэл нь улам бүр туйлшрангуйд шилжирч, хувийн амьдрал нь будангуйдаж явсан ч байж болох юм. Тэрбээр өөрийн нэг шүлгэндээ:

“Буруугий нь өөрөө ажаад
Бусдадаа зөвийг нь хэлэх гэж
Бугын гуна шиг насаа
Будан дунд бүрэлгэж явсан”

гэж бичсэн нь бий.
Гэвч түүний амьдрал түүнтэйгээ л хамт, түүнийхээрээ л өнгөрчээ.

Маргааш! Энэ ямар сонстож байна?
Магад Танд шинэ өдөр, шинэ өнгө сонстоно уу?
Мартсаныг санах, үлдсэнийг бүтээх
Маргааш гэдэг яруу өдөр – (тэгвэл) – Мандтугай!

гэж бичиж байсан тэр “маргааш” нь морилон ирснийг тэр үзэж чадсангүй. Хүссэн өдрүүд нь ирж, түүнийг ардчилагчид “Үүлэн чөлөөний нар” хэмээн авгайлж, тэр нарыг үүрд үлдээхийг хичээж, байгааг тэр бахдан, магадгүй тэрхүү аугаа үйл хэрэгт өөрийн биеэр оролцон “хөөрч явах” байсан ч юм бил үү хэн мэдлээ.
Түүний “Сүмтэй бударын чулуу” одоо хоёрдохоо хэвлэгдэж байна. Орхигдсон, гээгдсэн бүхэн нь “орон зай”-гаа эзлэн “Чойномынхоор үгээ хэлж” уншигчидтайгаа дахин золгож байна. Уншигчид Чойномтой уулзах бүрийдээ түүнийг шинээр нээдэг. Энэ “хуучин” номыг уншаад ч мөн л “хуучнаас шинийг нээж”, шинэ бодролд өртөх нь лав.
Би энд Р.Чойномын өөрийнх нь нэг үгийг иш татая. Тэр “Амрагтаа бичих захиа” гэдэг бүтээлдээ:

Нээрэн шүү, улстөр гэгчийг
Нэвтэрхий цайлган санаатай
Амраг чам шиг минь хүн
Амар хурдан ойлгохгүй!

гэж сэтгэлийнхээ үгийг хэлээд, “Хайрт чамдаа улстөр гэдэг хар дарсан зүүдийг яриад яахав” харин түүний оронд:

Жолооч болъё гэвэл чи
Жор номыг нь үзэхээсээ өмнө
Зам дээр хэвтээ хадаасыг
Зайлуулж сурах хэрэгтэй!

гэж захижээ. Улс төрдөх биш, улс орноо хөгжүүлэх цаг болсныг тэр бас сануулж л байсан байна.
“Сүмтэй бударын чулуу”-г юутай ч хоёрдохоо гардан авч буй уншигчид дуучин Чойном бидэнд:

Бусдыг хэлэхээсээ
өөрийгөө урьтаж шинж
Буруу, зөвөө ухаант хүнээс асуу!

гэж захисныг марталгүй энэ номоос асуух юмаа асууж, санах бодохоо цааш цааш лавтгах нь дамжиггүйдээ гэж итгэнэм.

Хэрвээ, шүлэг минь танд таалагдвал
Хэн нэгэн танилдаа уншиж өгөөрэй
Танил чинь бас таашаавал
Тансаг шүлэг бүтээсэн
монгол хүнд баярлаарай

гэснийг нь санан, танил болгондоо энэ номыг бариарай. Танд хүн бүхэн хариу баярлах болно. Бүтээлээрээ мөнхөд амьд орших хувьтай төрсөн найрагч хүнд барих хамгийн сайхан бэлэг бол, миний бодлоор, түүний номыг ахин дахин унших л шүү дээ. Номыг нь уншицгаан, тэрхүү билиг танхай найрагчид хожимджээ гэлтгүй бие, сэтгэлээрээ бэлэг барьцгааяа. Номын цагаан буян түгэн дэлгэрэх болтугай!

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Лувсандамбын Дашням

2010 он

Leave a Comment

Your email address will not be published.