“ӨД” САНГИЙН ТЭРГҮҮН Д.ГАНБОЛД:

news_20110912_1“Сүмтэй бударын чулуу” зохиолын гар бичмэл эхийн 20 хувь нь хулгайд алдагдсан
Төрийн шагналт Р.Чойном яруу найрагч, зураач, зохиолч, ая зохиогч, орчуулагч, сийлбэрч, барималч гээд тал бүрийн сод их авьяас цогцолсон нэгэн. Түүний өвийг судлах “Өд” сангийн тэргүүн Д.Ган­болдтой дараах яриаг дэлгэлээ. Дараа нь уншигч танаа Р.Чойном агсны төрсөн охидын ярилцлагыг хүргэнэ.

ЗОХИОЛД ЗААВАЛ СУДАЛГАА, ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗДЭГ БАЙСАН

-”Сүмтэй бударын чулуу”-г танай “Өд” сан дахин хэвлэсэн. Гар бич­мэлээс нь авсан гэж бай­сан. Өмнөх хэвлэлээсээ ямар ялгаатай вэ?
-”Өд” сангаас эрхлэн гаргаж буй бүх ном Р.Чойномын өөрийнх нь гар бичмэл эхээс аван нийтэлж байгаагаараа онцлогтой. Хамгийн анх гаргасан зохиолуудыг гар бич­мэлтэй нь тулгахад өөрчлөгдсөн зүйл их бай­даг. Тиймээс жинхэнэ гар бичмэлийн эхээс хүмүүст хүргэх зорилгоор “Сүмтэй бударын чулуу”-г дахин хэвлэсэн юм. Анхны хэв­лэл нь 1990 онд гарсан. Тодорхой хэмжээгээр гар бичмэлээс нь авсан ч ту­хайн үед Хянан шалгах хорооныхон хэл, уран зо­хиолыг хянаж байсан. Цаг үе шууд ардчилал руугаа хандчихаагүй байсан уч­раас улс төрийн өгүүлэмж­тэй, хайр сэтгэл, хүний нэртэй холбоотой зохио­лууд хасагдсан нь судал­гаагаар ил болсон. Тэдгээр хасагдаж үлдсэн зохиолыг нэмж орууллаа. Гар бич­мэлийг бүрэн эхээр нь 100 хувь гэж тооцвол 80 хувь нь олдсон. Үлдсэн 20 хувь нь огт олдоогүй. 1990 онд тэр номыг бүтээхэд гар бичмэлийг нь ашигласан байж таарна. Тэдгээр гар бичмэл 1990 оноос хойш Зохиолчдын хорооноос алга болсон. Түүнийг бид Шүүх, Цагдаагийн хэм­жээнд хүртэл эрэн сурвал­жилж байгаа. Хэнд, хаана байж болохыг ерөнхийд нь тодорхойлчихсон. Гар бич­мэлийг бидэнд авчирч өгвөл асуудлыг хүнд­рүү­лэлгүй хүлээн авахад бэ­лэн байгаа. Үүнээс гадна эхийг нь бэлтгэчихсэн ном нэлээн хэд бий.

-Танай сан их олон ном эрхлэн гаргасан. Гэхдээ Р.Чойномын гар бичмэл гэдгийг нь яаж нотолдог юм бэ.

-Одоо гар бичмэл нь мөн үү, биш үү гэдгийг нь хараад л мэддэг болсон. Өөрийнх нь бичгээр таньчихна. Маш их шүлэг зохиол бичиж үлдээжээ. Нэг өдөрт 15 шүлэг, зарим өдөр тав, эсвэл хоёр гээд маш их бичиж байсан хүн.

-Яруу найрагч хүн он­го­доо орсон үед эрчимтэй бичдэг байсан болов уу. Заримдаа огт шүлэг бичээгүй өнжсөн өдөр ч бий байх?

-Зарим өдөр огт шүлэг бичилгүй өнжсөн нь бий. Гэхдээ тэр хүний хувьд онгод гэдэг их өөр л дөө. Үзэг, харандаа, цаас гар доор нь байх л юм бол бичих сэдэв нь бэлэн хүн бай­жээ. Тухайлбал, Р.Чойном Ана­гаахын дээд сур­гуу­лийн хоёрдугаар давхарт зогсч байж. Гэтэл доод давхраар нэгэн бүсгүй явж өнгөрсөн байна. Түүнд зориулж “Бүрэнжаргал” хэмээх бүхэл бүтэн най­раглал бичсэн. Өөрөөр хэлбэл, тэрээр харсан, сонссон бүхнээ сэтгэлд буутал сайхан дүрслэлтэй бичиж чаддаг байсан юм.

-Та гар бичмэлийг нь цуг­луулах явцдаа Р.Чой­ном агсны тэмдэглэлийн дэвтрийн цуглуулгатай болсон байх?

-Тэгэлгүй яахав. Том том зохиолуудыг тэмдэг­лэлийн дэвтэр дээрээ тө­лөвлөгөө гарган бичдэг байсан юм билээ. “Зохиол бичнэ гэдэг зүгээр нэг тоглоом биш. Заавал тэмдэглэгээтэй, тодорхой хэмжээний судалгаатай байх ёстой” гэж хэлсэн үг нь ч бий. Өөрөө ч ингэж ажиллаж байсан. “Их буу” Дамдин гэдэг хүнтэй хамтран алмасын тухай кино бичсэн. Том зохиол ч гаргасан. Тэр явцын бүх судалгааны материал бүг­дээрээ байгаа. Дайны сэдэвтэй зохиолын судалгааны аж­лууд ч бий. Бидэнд “Хар цэцэг” хэмээх томоохон зохиол, өөрийнх нь хайр­тай зохиол “Гөлөг”, цөл­лөгт байхдаа бичсэн “Бат­норовын туужууд” зэр­гийн төлөвлөгөө олдсон.

-Өдрийн тэмдэглэл нь хэр үлдсэн юм бол?

-Бий, бий. Дэвтэр бол­гон нь түүхтэй. Тухайн үеийнхээ цаг төрийн байд­лыг харуулсан, амьдарч байсан орчноо бичсэн өд­рийн тэмдэглэлүүд бий. Шүлэг зохиолоо бичээд доор нь зураг зурсан нь зөндөө. Тэмдэглэлийн дэв­тэр дээрх бараг бүх шүлэг нь зураг хөрөгтэй. Зарим нь ноттой. Ая зо­хиож дуу болгосон нь ч бий. Одоохондоо бид бүг­дийг олон нийтэд дэлгэж амжаагүй л байна. Бид гаргаж байгаа зохиолуудаа судалж, бүрэн гүйцэд зүй­лийг хүмүүст хүргэхийг хичээдэг учраас зарим нэг зохиолын судалгаа дуу­саагүй байна л даа.

-Ая зохиож байсан гэсэн. Олонд түгсэн хэд хэдэн дуутай ч гэдэг?

-“Тариан талбай дуулж байна”, “Зус­лан­гийн уянга”, “Мөрөөд­лийн дуу”, “Хүлээгээрэй” зэрэг дууны үгийг бичиж, Ш.Сүрэнжав гуайн “Хор­лоо” шүлэгт ая зохиосон. Гавьяат жүжигчин Д.Сосор­барам “Хорлоо”-г дуулсан. Олонд түгсэн дуунуудаас эдгээрийг нэр­лэж болно. Олны сонорт хүргээгүй нь бас зөндөө.

-Найрагчийн зурсан зургуудаар ном гаргаж болдоггүй юм уу?

-Одоохондоо боломж­гүй. Дөнгөж ажил эхэлж байна шүү дээ. Бид бүх зохиол, зургийг судалж, тодорхой төлөвлөгөөгөөр хэвлэж байгаа учраас зур­гаар нь ном хэвлэх цаг хараахан болоогүй байна. Энд тэнд байгаа цуг­ла­раагүй зураг ч олон байгаа. Авраам Линкольн, А.М.Горький зэрэг алдарт­нуудын хөргийг зурсан байдаг. Тухайн хөргийг хараад л шууд таниг­да­хуйц хэмжээнд зурсан байгаа юм. 1960-1970-аад оны томоохон зүтгэлтний хөргийг бүг­дийг нь зурсан байна лээ. Найз нөхдийгөө хүртэл зурж үлдээсэн. Зураг бүхэн нь түүхтэй.

-Өнгөрсөн онд Расул Гамзатовын “Кавказ аялгуу” хэмээх орчуулгын түүвэр нь гарсан. Энд зөвхөн хайр сэтгэлийн тухай орчуулсан шүлгүү­дийг оруулсан байна лээ. Ямар ямар хэлнээс орчуул­даг байсан юм бол?

-Энэ ном гарснаар энд тэнд хүмүүсийн “Р.Чой­ном орчуулагч бай­сан” гэж ярьдаг байсныг но­толсон. Шүлгүү­дийнхээ дор зураг зураад, бүр хав­тасны чимэглэлийг хүртэл хийгээд тавьчихсан байс­ныг яг тэр хэвээр нь хэв­лэсэн. Цаана нь зөндөө зохиолууд үлдсэн л дээ. А.С.Пушкин, Р.Гам­затовын олон зохиолыг орчуулсан байгаа. Тэмдэглэлийн дэвтэрт нь солон­госоор бичсэн мөрүүд бай­даг. Японоор бичсэн нь ч бий. Тэр ямар учиртайг нь одоохондоо хэлж мэдэх­гүй. Герман хэлний дэвт­рүүд бий. Өөрийнхөө гараар бичиж, 20 цуврал хичээл заасан “Эсперанто хэлний сурах бичиг” бай­гаа. Англи, франц хэлний бичлэгүүд бий. Ийм олон хэл дээр бичиж үлдээсэн зүйлүүд байгаа юм. Бид судлах л хэрэгтэй. Орос хэлийг маш сайн сурсан байна. Казах, буриад хэл аялгуу­гаар бичсэн зүйлүүд ч байгаа.

-Хэлний авьяастай хүн байж дээ?

-Сургуулиасаа гар­сан хой­ноо 14 хоногийн дотор орос хэлийг сурсан гэдгийг найз нөхөд нь нотолдог. Орос хэлний багшийнхаа толь бичгийг авч яваад гурав, дөрөв хоног алга болчихсон гэдэг. Хэд хо­но­гийн дараа нөгөө номыг нь авчирч өгчээ. Тэгэхдээ толь бичиг дээрх бараг бүх үгийг цээ­жилчихсэн ир­сэн гэдэг. Одоо ингээд дэвтрүүдийг нь үзэхэд зарим нэг дүр­мийн алдаа гаргасан нь бий. Бие дааж хэл сурсан хүнд ийм алдаа байлгүй яах вэ. Бие дааж сурсан гэхэд үгийн сон­голтыг маш сайн, чадвар­лаг ашиг­ласан нь орчуулгын бүтээлүүдээс харагддаг.

-Та тэмдэглэлийн дэв­тэр, гар бичмэлүүд дээр нь ажиллаж байгаа хүн уч­раас Р.Чойном агсны хүнд хэцүү, гуниг зовлонтой үеийг хамгийн сайн мэднэ байх?

-Шүлэг бичсэнийхээ төлөө шоронд орсон үе, шоронгоос гарч ирэхэд нь хаашаа ч явахыг хориг­лосон нь хамгийн бараан жилүүд байсан. Бүхэл бүтэн дөрвөн жил хориг­дож, цөллөгт гурван оныг үднэ гэдэг маш хэцүү. Шоронгоос гарсны дараа хаашаа ч явах эрхгүй, эсвэл нэг хүн байнга да­гаж явдаг байсан. Энэ үедээ;

….Өнөөдөр чи дүрвэдээрээ л эс дийлбэл

Өөр намайг юугаар ч дийлэхгүй… гэсэн шүлэг бичсэн.

Хоёрдугаарт, ид би­чиж, хийж бүтээх үед нь зохиол бүтээлийг хэв­лэхгүй байна гэдэг бол уран бүтээлч хүнд маш хүнд цаг үе. Долоон удаа Зохиолчдын хороонд элсэх өргөдлөө гаргахад нь хү­лээж аваа­гүй. Өөрөөр хэл­бэл, уран бүтээлч хүний ард түмэн­дээ бүтээлээ хэвлэж таниулах хүсэл сэтгэл, бүх боломж нөхц­лийг нь боож хааж байсан.

-“Өд” сангаас эрхлэн гаргах дараагийн цуврал нь ямар бүтээл байх бол?

-Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэн­дэлсний 75 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тиймээс 75 жилийн ойг нь тохиолдуулаад 2002 онд хэвлэсэн “Нутгийн хүү Р.Чойном” номыг шинэч­лэн найрагчийн тухай дурсамжуудыг нэгтгэн хоёр дэвтэр гаргахаар ажил­лаж байна. Найз нөхөд, эрдэмтэн мэргэд, мэддэг таньдаг хүмүүсийн дурсамжаас бүтэх ном л доо. Мөн “Оюухай” яруу найргийн наадмыг ирэх аравдугаар сард зохион байгуулна. Р.Чойномын нэрэмжит “Оюухай” яруу найргийн наадмыг анх 1993 онд Хэнтий айм­гийн Засаг дарга Балдан­дорж гуай санаачлан зо­хион байгуулж байлаа. Энэ жилийн наадамд нэг найрагчаас нийт таван бүтээл авч байгаагаараа онцлогтой. Дөрөв нь чөлөөт сэдвээр бичсэн, нэг нь Р.Чойномд зориулсан шүлэг байх юм. Шүүгчид энэ таван бү­тээлтэй та­нил­цаж, эцсийн шатанд 20 хүнийг үл­дээнэ. Ирэх есдүгээр сарын 15 хүртэл шүлгээ хүлээж авна.

-Найз нөхөд гэдэг нь эргэлзээтэй шүү дээ. Цаг төр чөлөөтэй болонгуут өөрсдөө л “Би Р.Чойномын найз байсан” гээд ярьж эхэлсэн. Гэтэл хүнд хэцүү цаг үед нөхөрлөж байсан дотны анд нь ямар хүмүүс вэ гэдгийг хэн одоо ялгаж салгаж өгөх вэ дээ?

-1958-1961 оны хоо­ронд бичиж, хэрэглэж бай­сан дэвтэр дээрээ “Миний найз нар” гээд зургийг нь зураад, тодор­хойлолтыг нь бичсэн байдаг юм. Бусад найз нөхдийнх нь тухай бид судалгаа хийсэн учраас тодорхой хэмжээгээр мэдэж байгаа.

-Сүүлийн үед Р.Чой­ном судлал хэр хөгжиж байна вэ?

-Р.Чойном судлалаар дэд эрдэмтний зэрэг хам­гаалсан нэг хүн нь Өвөр Монголын эрдэмтэн Л.Хас­баатар. Энэ хэм­жээгээр Өвөр Монголд со­нирхдог хүн олон. Түүнээс хойш дагнасан судлаачид хараахан гараагүй байна. Гэхдээ Орос, Япон, Со­лонгос, Тайвань, Бельги, Голланд, Америкт тодор­хой хэмжээгээр сонирхож судалдаг хүмүүс монголч эрдэмтдийн дунд бий. Монголд оюутнууд мэр сэр Р.Чойном судлалаар бакалавр, магистрын зэрэг хамгаалдаг.

ЗАХИДАЛ ХАРИЛЦАА ҮНЭТЭЙ ДУРСАМЖ ҮЛДЭЭДЭГ

-Яруу найрагчийг олон бүсгүйтэй холбох нь бий?

-Олон бүсгүйтэй холбож ярьдаг ч албан ёсоор хоёр эхнэртэй. Тухайн үед нийгэм нь тэгж хүлээж авсан болохоос биш эр хүний амьдралд тохиолддог л зүйл шүү дээ. Түүнээс биш шүлэг бичсэн хүн болгонтойгоо уулзаж учраагүй юм.

-Захидал харилцааных нь талаар сонирхохгүй байж чадахгүй нь?

-Зөндөө бий. “Р.Чой­но­­мын нууц захидал” номд нийт 37 захидлын түүвэр орсон. Мөн хайрын болоод найз нөхдийнх нь захидал хэвлэгдээгүй. Үүгээр хоёр дэвтэр гаргах юм. Зөндөө захидал байгаа учраас алийг нь онцлохоо би сайн мэдэхгүй байна. Санаанд орж байгаагаас 1971, 1972 оны үед бичсэн захиандаа “Залуу хүмүүс, ялангуяа уран бүтээлч хүн англи хэлийг заавал сурах ёстой шүү” гэж шавь Чулуун­базартаа бичсэн байдаг. Одоогоос 30, 40-өөд жи­лийн өмнө тэр хүн англи хэл ямар чухал вэ гэдгийг олж харж, дэлхийн хэл гэсэн санаагаар бичсэн байгаа юм. Мөн тухайн үеийн захианууддаа “Тэр хүний ийм зохиолыг заа­вал уншаарай” гэж шавь нартаа захиж бичдэг байжээ. Үндсэндээ сурган хүмүүжүүлэх ажлыг хийдэг байсан байгаа юм.

Бас нэгэн захидалдаа “Хаврын цагт шоронд өлөн үе эхэлдэг. Гол нь миний хувьд витамин дутагдах шинжтэй байна. Хэрэв ирвэл нэлээд хэмжээний тамхи, шүдэнз авчраарай. Учир нь хэн нэгэн хүнд эргэлт ирэхэд хоригдлууд бүгдээрээ их горьддог юм. Чихэр, тамхи хоёрт л сүйрчихдэг улс даа. Харин би бол маханд. Бүх хориг­дол надад их сайн тул зов­лонтой” гэж бичсэн байна. Нэг ёсондоо эргэлтээр юм ирэхэд бүх хоригдолд хүргэнэ гэдэг нь хэцүү байжээ.

-Тухайлбал, ямар зо­хиолыг уншихыг зөвлөсөн байдаг юм бол?

-1970 онд бичсэн нэгэн захидалдаа “Францын зохиолч Эмиль Золягийн “Мөнгө” романыг уншлаа. Ёстой цус нь оргилсон роман байна. Үүнийг заа­вал уншаарай” гэсэн бай­даг. Мөн өөрийнх бичсэн хайртай тууж “Гөлөг”-ийнхөө тухай 10 бүлгийг бүгдийг нь бичиж, дотор нь задлаад, амьтны зулзагаар дамжуулж хүний дотоод сэтгэхүй, үйл хөдлөл, хү­мүүстэй харилцаж буй бай­дал зэргийг илэрхийл­сэн. Үүнийхээ тухай захи­далдаа бас бичсэн байдаг. “Ийм зохиол бичлээ, энэ нь ийм учиртай” гээд сур­гамжтай захидал их бичдэг байсан. Энэ дашрамд хэлэ­хэд, залуус одоо захидал бичихийг мартжээ. Мес­сен­жерээр хүний сэтгэ­лийн хөдөлгөөнийг илэр­хийлэн үлдээж чадахгүй шүү дээ. Захидал харилцаа гэдэг үнэтэй дурсамж үлдээдэг.

Г.Ганчимэг
“Зууны мэдээ” сонин 2011-07-26

Leave a Comment

Your email address will not be published.