Р.ЧОЙНОМЫН НАЙЗУУД УУЛЗАЦГААВ

news_20110928Монгол улсын Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 75 жилийн ой энэ онд тохиож байгаа. Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангаас их найрагчийн мэндэлсний ойг бүтэн жилийн турш тэмдэглэхээр олон ажил төлөвлөсний нэг нь маргааш болох “Дотно яриа” дурсамж цэнгүүн. Энэ цэнгүүний тухай болон шинэ залуу авьяастнуудыг нээн гаргах зорилготой “Оюухай” яруу найргийн наадмын талаар тодруулж “Өд” сангийн тэргүүн Д.Ганболдтой ярилцлаа.

-Танай сан яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 75 жилийн ойг зориулсан цэнгүүн хийх гэж байгаа гэж сонслоо. Хаана болох юм бэ?

-Найрагчийн ойд зориулсан “Дотно яриа” дурсамж цэнгүүн, уулзалт маргааш Тэрэлжид эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх энэ арга хэмжээнд Р.Чойномын гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд гээд ойр дотныхон нь бүгд ирнэ. Их найрагчийн тухай дурсамж хүүрнэж, зохиол бүтээлийнх нь тухай ярилцахаас гадна түүний гэр бүлийнхэн нь урлагийн тоглолт үзүүлхээр бэлтгэж байгаа. Мөн энэ үеэр Р.Чойномын тухай үзэсгэлэн гаргана, кино үзүүлж мөн яруу найргийн цэнгүүн хийхээр хөтөлбөр нь гарчихсан байгаа. Энэ цэнгүүн манай сангаас найрагчийн ойд зориулж төлөвлөсөн бүтэн жилийн арга хэмжээний зөвхөн нэг нь.

-Бүтэн жилийн арга хэмжээний нэг гэхээр танай сан өмнө нь олон ажил хийсэн бас цаашид ч төлөвлөсөн зүйл чамгүй байгаа гэсэн үг биз?

-Тийм ээ, бид энэ ойд зориулж өнгөрсөн хоёрдугаар сараас ирэх оны хоёрдугаар сар хүртэл бүтэн жилийн хугацаанд хийх ажилаа төлөвлөсөн. Түүнийхээ дагуу хийж байгаа. Гуравдугаар сард “Сүмтэй будрын чулуу” номыг шинэчлэн хэвлэснийг уншигчид санаж буй байх. Харин түүнийг нь одоо сонсдог болгож байгаа. Тун удахгүй “Сүмтэй будрын чулуу” хос цомог уншигчдын гарт очно. Мөн дөрөвдүгээр сард манай сангаас “Оюутан ба “Сүмтэй будрын чулуу” нэртэй оюутны яруу найргийн наадам зохион байгуулсан юм. 32 их дээд сургуулийн 100 гаруй оюутан оролцсон том наадам болсон. Ирэх арваннэгдүгээр сарын сүүлчээр Р.Чойномын нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал хийнэ. Бас “Нутгийн хүү Чойном” нэртэй ном хэвлүүлхээр бэлтгэл ажилдаа орчихсон байгаа.

-Яруу найргийн “Оюухай” наадам Р.Чойномын ойд зориулсан арга хэмжээний нэг биз. Сүүлийн хэдэн жил завсарласан болохоор энэ удаагийнх оролцогч олонтой болох байх даа?

-Залуу яруу найрагчид өрсөлддөг “Оюухай” наадам 1993 оноос түүхээ бичиж эхэлсэн. Энэ жил долоо дахь удаагийнх нь болох гэж байна. хамгийн сүүлийн “Оюухай” 2006 онд болсон. Тэр наадамд 103 яруу найрагчийн 200 гаруй бүтээл ирж байлаа. Энэ жил хэчнээн хүн оролцох нь одоохондоо тодорхой болоогүй байна. Бүртгэл явагдаж байгаа, дуусах болоогүй. Наадмын талаар асууж сурагласан залуу найрагчид тун олон байна. Бүтээлүүд ч ирж байна.

-Энэ жилийн наадмын онцлог юу байх бол?

-“Оюухай”-н онцлог нь залуу уран бүтээлчдийг ахмад үетэй нь холбож өгдөг. Авьяаслаг шинэ залуу үеийг гаргаж ирдэгт гол ач холбогдол нь байгаа юм. Энэ жилийн наадамд хөдөө орон нутгаас болон гадаадад байгаа монголчууд ч оролцох боломжтой.

-Гадаадад байгаа монголчууд яаж оролцоно гэсэн үг вэ?

-Харилцаа холбоо, мэдээллийн технологи хөгжөөд хол ойрын ялгаа байхгүй болсон шүү дээ. Шүлгүүдээ цахим шуудангаар явуулж болно. Шалгарсан бүтээлийг найрагчид өөрсдөө биш уран уншигч, мэргэжлийн хүмүүс унших учраас хөдөө орон нутаг болон гадаадад байгаа хүмүүс оролцож болно.

-Нэг хүнээс авах уран бүтээлийн тоонд хязгаар тавьж байгаа юу?

-Нэг хүнээс таван шүлэг авч байгаа. Нэг нь Р.Чойномд зориулсан, үлдсэн нь өөрсдийнх нь сонголтоор гэж болзолд заасан.

-Яруу найрагчид өөрсдөө шүлгээ уншихгүй гэхээр шалгаруулалт нэлээд өвөрмөц байх бололтой?

-Уралдаанд ирсэн материалуудыг бүгдийг нь кодлоно. Шүүгчдийн баг шилдэг 20 бүтээлийг шалгаруулаад хамгийн өндөр оноо авсан нэг шүлгийг сонсогчдын хүртээл болгох юм. Тэргүүн байрт шалгарсан найрагчийг мөнгөн шагнал, алтан цомоор мялаана. Манай “Оюухай” алтан цомтойй яруу найргийн ганц наадам.

-Наадмын бүртгэл дуусаагүй гэхээр яг хэдийд болох тов гараагүй гэсэн үг үү?

-Уралдаанд ирсэн бүтээлүүдийг бүгдийг уншихад цаг хугацаа хэрэгтэй юм билээ. Тиймээс яг одоохондоо тов хэлэх боломжгүй. Аравдугаар сарын дундуур товыг хэвлэл мэдээлэллээр зарлана.

Г.Ундрам

Leave a Comment

Your email address will not be published.