МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН BESTSELLER 2011 – СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ

news20120103Яруу найрагч, зураач Р.Чойномыг хүндэлдэг, шүлэг найраг сонирхдог Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Сангаас эрхлэн гаргаж буй “Р.Чойномын Номын сан”-гийн бүтээлүүд тэр тусмаа “Сүмтэй бударын чулуу” номыг худалдан авч сэтгэлийн таашаал эдлэхийн сацуу бидэнд бодит хөрөнгө оруулалт хийсэн танд баярлалаа. Энэхүү сайтаар дамжуулан бидэнтэй хамт бүтэн нэгэн оныг үдэж, байнга учран золгож байсан Та бүхэнд шинэ ондоо эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

“Интер ном” номын их дэлгүүр 2011 онд борлуулалтаараа тэргүүлж шалгарсан оюуны бүтээлүүдийг нийтэд сурталчлах, эрхлэн гаргасан байгууллага, уран бүтээлчдийг дэмжин урам хайрлах “Grand book” ёслолын арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн шалгаруулалтын онцлог нь тухайн жилдээ шинээр худалдаанд гарч борлуулалтаараа тэргүүлсэн номуудаас арван төрлөөр “шилдэг” 10 номыг шалгаруулсан юм.

“2011 оны Grand book” номоор Монсудар хэвлэлийн газрын “Монголчууд” ном тодорлоо. “Оны онцлох сэтгүүл”-ээр “Cosmopolitan” сэтгүүл, “Оны онцлох ном”-оор Лектор төвийн Ц. Баатархүүгийн “Зөв ярих ухаан” ном, “Оны онцлох хүн”өргөмжлөлөөр Ц.Оюунгэрэл, Д.Болдбаатар, С.Молор-Эрдэнэ шалгарчээ.

Монголын уран зохиолын төрөлд дараахь таван ном шалгарч “Сүмтэй бударын чулуу” ном 2011 оны ШИЛДЭГ НОМ болов.

1. “Хайрын тухай үлгэр”, Т. Хонгорзул

Залуу зохиолч Т. Хонгорзул “Зүрхэн шивнээ”, “Хайрын амт” өгүүлэгийн түүврүүдээрээ уншигчдын танил болжээ. Энэхүү гурав дахь номоо тэрээр хүний амьдралын хамгийн гэгээн бүхнийг гуниг баярын олон өнгийн утсаар хатган төгс нэгэн зураг болгон хүмүүст хүргэх гэсэн миний хүсэл хэмээжээ.

Хайрыг “үлгэр” гэж бодогчид цөөн байгаасай гэж хүссэндээ эл бүтээлээ “Хайрын тухай үлгэр” хэмээн нэрийдсэн юм. Жинхэнэ хайрын тухай өгүүлсэн түүх үлгэр домог болон үлдэх бус үнэн амьдралын дунд тэнүүчлэн байгаад итгэж бүтээлээ тийн нэрлэжээ.

2. “Хайр”, Б.Шүүдэрцэцэг

Зохиолч Б. Шүүдэрцэцэг “Хайр” нэрт сонгомол өгүүллэгийн түүвэр ном хэвлэгдлээ. Энэхүү номонд орсон өгүүллэгүүдээс бүрдсэн “Хайр” сонсдог номдоо гучаад оны үеийн хэлмэгдлийн улмаас хагацсан хайртай хосын тухай “Сүүлчийн өртөө”, хайрын сэдэвт “Цасан нулимс”, хүний сайхан сэтгэл, эцгийн хайрын тухай “Хойд эцэг” өгүүллэгүүдийг түүний уран бүтээлийн анд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Алтантуяа уншсан байна.

3. “Сүмтэй бударын чулуу”, Р.Чойном

Эрхлэн гаргасан: Чойномын өвийг хамгаалах “ӨД” сан
Эл номын анхны хэвлэл 1990 онд хэвлэгдээд хамгийн хурдан борлуулалт, эрэлт хэрэгцээтэй ном байсныг гэрчлэх хүмүүс олон байгаа. Хорин жилийн дараа эргэн үзвэл, эл ном нь тухайн үедээ Хэл уран зохиолыг хянан шалгах газрын хяналтын уур амьсгал арай тасраагүй байсных уу, нэлээд шүлгийн мөр бадгийг засамжлан үг үсгийг солих, бүр хасах зэрэг “дундчилсан” ном байх тул Р.Чойномын “ӨД” Санд хадгалагдаж байгаа зохиогчийн эх гар бичмэлтэй тулган нягтлахад орхигдсон мөр шүлгүүдийг нэмж оруулаад дахин хэвлүүлсэн байна.

4. Д.Урианхай, “Түүвэр зохиолууд”

Эрхлэн гаргасан: Монголын утга зохиол судлалын төв
Еншөөбүү Улаан Ямаат Дамдинсүрэнгийн Урианхайн Түүвэр зохиол нь Яруу найрагчаас яруу найргийн омогшил, нийгмийн эмзэглэл, тэмүүлэл, өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал, дэврүүн зан, итгэл, үнэмшил, хүсэл мөрөөдөл, сэтгэл санааны эмзэглэл, хэлбэлзлэл, онол сэтгэлгээний эргэцүүлэл гээд юм бүхнийг олж харна. Номын эхний бөлөгт шүлгүүд, дэд бөлөгт эссээ, эссээ-өгүүллэг, туурь, ойллого, “дотоод ойллого”, бодол, “Үр-бодол”, уянгын өгүүлэмж, “гуниглуун”, “халаглуун”, “дотуур яриа”, товчууд багтжээ. Монголын нийгмийн сэтгэлгээг гэгээрүүлж, хүнлэг, нигүүлсэнгүй ёс суртахуунтай болгох гэж зүтгэдэг нэгэн билээ. Оюун санааны үр өгөөж, бясалгал, гүн ухаан, шинжлэх ухааны үзэл, ойлголт, аргачлал, бодит амьдрал, эш онолын эрэл гэх мэт олон асуудлын дунд хөвөрч, уран бүтээлээ туурвидаг нь түүний онцлог.

5. “Алтан үеийн яруу найраг”

Эрхлэн гаргасан: Монголын утга зохиол судлалын төв
Өнөөдрийг хүртэл Улс Монголын маань түүхэнд ийм олон авьяас билигтнүүд нэгэн дор төрж, нэгэн зэрэг туурвиж, нэгэн агаараар амьсгалж байсан нь үгүй бололтой. Энэхүү түүвэр номонд Яруу найрагч Пунцагийн Бадарч, Жамцын Бадраа, Чойсүрэнгийн Дагвадорж, Зундуйн Дорж, Бавуугийн Лхагвасүрэн, Дэндвийн Пүрэвдорж, Шаравын Сүрэнжав, Дамдинсүрэнгийн Урианхай, Дөнгөтийн Цоодол, Чойжилын Чимид, Ринчиний Чойном, Бэгзийн Явуухулан нарын сор бүтээлүүдийг эмхэтгэжээ.

“Grand Book 2011” шагналын борлуулалтаараа тэргүүлсэн оны шилдэг номуудыг танилцуулж байна.

1. Далд ухаан
Шилдэг ном: Нууц “Secret”
Зохиогч: Рондо Бюрн
Эрхлэн гаргасан Монсудар хэвлэлийн газар

2. Хувь хүний хөгжил
Шилдэг ном: Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?

Зохиогч: Шерри Аргов

Орчуулсан: С.Түвшинжаргал

3. Түүх, нийгэм
Шилдэг ном: Монголын төлөөх зүрэх бүхэнд

Зохиогч: Ц.Санчир, Б.Цэрэн

Эрхлэн гаргасан: Тархан суурьшсан Монголчууд ТББ

4. Монголын уран зохиол
Шилдэг ном: Сүмтэй бударын чулуу

Зохиогч: Ринчиний Чойном
Эрхлэн гаргасан: Чойномын өвийг хамгаалах “ӨД” сан

5. Бизнес эдийн засаг
Шилдэг ном: Хувьцаа, бондоор мөнгө босгох арга

Зохиогч: Э. Мөнхзул

6. Гэр бүл эрүүл мэнд
Шилдэг ном: Ээж ба хүүхэд

Зохиогч: Элизабет Фенвик
Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар

7.Хэрэглээний гарын авлага
Шилдэг ном: Эрдэс чулуулаг

Эрхлэн гаргасан: Сайнбаяр

8. Хүүхдийн ном
Шилдэг ном: Урлаг-хүүхдийн ном

Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар

9.Намтар, дурсамж
Шилдэг ном: Монгол бадарчин Гайхамшигт ертөнц

Зохиогч: Амай

10. Урлаг
Эрхлэн гаргасан: “Монсудар” хэвлэлийн газар

Хүүхдийн зурагт ном тус тус шалгарлаа.

Leave a Comment

Your email address will not be published.