ЗУРААЧ С.ЛУВСАНЗУНДУЙ

news20120120Яруу найрагч Р.Чойномтой 1953 оноос эхлэн найзалж, нөхөрлөсөн зураач өвгөн маань энэ жил наян таван нас зооглож байна. 2011 оны 9 сард болсон Р.Чойномыг дурсах “Дотно яриа” уулзалтын үеэр Р.ЧОЙНОМЫН ШАГНАЛ хүртээсэн билээ. Түүний товч намтар болон арав гаруй жилийн өмнөх нэгэн сурвалжлагыг хүргэж байна.

Товч намтар
Зураач Совдын Лувсанзундуй 1928 онд Хэнтий аймгийн Саальчны дов хэмээх газар төрсөн. 1941-1946 онд Баянхутаг сумын бага сургууль, аймгийн дунд сургууль төгссөн. 1951-1957 онд Аймгийн дүрслэх урлагийн салбарт зураач, 1953-1957 онд Аймгийн зураачдын курс, 1964-1974 онд Налайхад УСФ-ийн төлөөлөгч, 1974-1988 онд Улаанбаатар хотын урчуудын салбарт үйлдвэр чимэглэлийн зураачаар ажиллаж байсан.

1955 онд Монголын урчуудын эвлэлд гишүүнээр элссэн. VI, VII таван жилийн гавшгайч, Ардын хувьсгалын 50, 70, 80 жилийн ойн медалиуд, МУЭ-ийн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн.
2011 онд Ард түмний гавьяат зураач цол, тэмдгээр шагнагдсан.

БИЙР ЯНТАЙГАА УГСАРСАН “БЭЛЧЭЭРИЙН” ЗУРААЧ
Тэр нэгэн үед Хэнтий аймагт, ирээдүйд уран бүтээлээрээ алдарших хэсэг залуус ажиллаж амьдарч байжээ. Аймгийн дүрслэх урлагийн салбарын эрхлэгч Дамбил, зураач Лувсанзундуй, “Урагшаа” сонины ажилтан зураач, зохиолч Чойном, Гомбосүрэн, Нармандах зэрэг уран бүтээлээрээ ургаж дэвжин явсан залуучуудын нэг Совдын Лувсанзундуй өнөөдөр далан насныхаа босгон дээр иржээ. Төрийн соёрхолт их яруу найрагч Р.Чойномтой нэг гэрт амьдарч, уран бүтээлээ хамтран туурвиж явсан энэ буурал зураачтай уулзаж ярилцахад сонин байна.

-Таныг Хэнтий аймгийнх гэхээс цаашгүй бага залуу насны тань амьдралыг тэгтлээ мэдэхгүй юм. Товч сонирхуулахгүй юу?

-Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын хүн. Хоёр настай байхад ээж минь нас барснаас өнчирч, нагац ах Совдынхоо гар дээр өсч хүмүүжсэн. Нагац ахаараа овоглосон маань ч ийм учиртай. Хэнтий аймагтаа бага дунд сургуульд суралцан их л багаасаа зураг сонирхон хүндээ. Ах маань сүүлд ярихдаа Лувсанзундуй дэвтэр, бусад хүүхдийнх шиг 12 хуудастай байж үзээгүй. Долоо найман хуудастай л байдагсан. Бусад хуудсыг нь ураад зураг зурчихдаг байсан гэж ярьдаг юм билээ.
Ийнхүү багаасаа зураг сонирхон оролдсоор тавин насаа, энэ үйлст зориулж дээ.

-Авъяасын хажуугаар мэдлэг танд хэрэгтэй байсан байх даа. Уран зургийн талаар ямар сургууль курс хийв?

-Сургуулиас гарчихаад аймгийн дүрслэх урлагийн салбар хавиар уран бүтээлчидтэй найзлаж нөхөрөлж, ойр зуурын зураг зурж, хоолоо олж иддэг байлаа. Салбарын эрхлэгч Дамбил зураачийн авъяас билгийг биширч, суралцаж байх үедээ тэр үед Хэнтий аймгаас өсч өндийж байсан олон авъяаслаг залуустай найзалж нөхөрлөж явлаа. Ирээдүйн их зохиолч Р.Чойном чинь тэр үед Хэнтий аймгийн “Урагшаа” сонинд юухан хээхэн хийдэг байлаа. Гар зураг, сонины чимэглэл л хийдэг байсан шиг санагдана. Гомбосүрэн, Нармандах… гээд авъяаслаг залуучууд байсан. Нармандах нь одоо Дархан суманд байгаа гэсэн. Эдэнтэй хамтарч зураг хийдэг байлаа.

-Таныг бүр дээр үед алдарт зураач Д.Чойдогийн шавь байсан гэж дуулсан юм байна.

-Би чинь гадаад дотоодод томоохон сургууль төгсчих бололцоо муутай явлаа. Нэг удаа Улаанбаатар хот орж ирээд урчуудын курст суралцсан юм. Тэгэхэд Чойдог багш гарынхаа шавь болон зургийн талаар их зүйл хэлж өгсөн дөө. “Тээвэрчин” гэдэг зургийг маань тоож, улс хувьсгалын ойн уран бүтээлийн үзэсгэлэнд тавьсан нь урам хайрласан юм. Энэ үеэс л жинхэнэ уран бүтээлээ хийж эхэлсэн шиг санагддаг.

-Та ер нь ямар сэдвээр, юуг голлон зурж байв. Уран бүтээлч хүнд заавал нэг онцлог байдаг шүү дээ.

-Миний гол сонирхдог зүйл бол тосон будгийн хөрөг зураг. Нэг хэсэгтээ зурагт хуудсыг их сонирхож байсан. Хэнтийн дүрслэх урлагийн салбараасаа хот орж ирээд урчуудын эвлэлийн хороонд ажиллаж байгаад Дорнод аймаг, Налайх, Офицеруудын ордон зэрэг газруудад бие даасан уран бүтээлч, урчуудын байгууллагын фондын төлөөлөгчөөр ажиллаж, насаараа л зураг зурсан даа. Налайхад олон жил ажилласны хувьд Налайхын амьдралаар бүхэл бүтэн музей байгуулсан. Одоо ч үндэс суурь нь байдаг л гэсэн. Музей байгуулахын тулд Налайхын сэдэвтэй тун олон зураг зурсансан. Түүнээс маань зарим нь Түлш эрчим хүчний байгууллагын ойн уралдаанд 3-р байр эзлэн шагнал хүртэж байсан.

Цэргийн сэдэвтэй зураг олон бий. “Танкийн мөрөөр” гэдэг зурагт хуудас маань уралдаанд 2-р байр эзэлсэн нэлээн өндөр үнэлэлт авсан бүтээл дээ. Одоо цэргийн музейд тавиатай байгаа. Ингээд 1988 онд түүхчилсэн сэдэвтэй зуугаад уран бүтээлээрээ том хэмжээний үзэсгэлэн гаргасан. Хүмүүс их үзэж, талархал сэтгэгдлээ олон арван хүн бичсэн байна. Үүнд нь урамшин одоо хүртэл бийр, цаас хоёроосоо салаагүй явна.

-Та, их зохиолч Р.Чойномтой бага залуугаасаа нөхөрлөсөн, дотно явсан хүн. Та Чойномыг, Чойном таныг шоглож зурсан зургууд Дархан сумын музейд байдаг юм билээ. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Чойном надаас хэд дүү. Гэхдээ би их үерхэж, ний нуугүй явсан. Хэнтийд бол, тус тусын ажил амьдралыг дагасан жирийн андууд байсан. Уран бүтээлийн гүн зузаан холбоотой байж. Гэр орноороо үргэлж ирж очдог сайн нөхөд л байсан. Бага залууд бид хоёр уул нь нэг айлын хүргэчүүл байсан юм шүү дээ. 1957 он юм уу даа, би Гомбосүрэнгийн хашаа байшин руу хүрээд очлоо. Тэгсэн Гомбосүрэнгийнхэн нүүгээд явчихсан. Чойном байшинд нь ганцаараа хэвтэж байх юм. Цай хоол ч үгүй, бие нь тааруухан, их л зутруу байлаа. Бид хоёр хэсэг ярилцаад Чойномыгоо гэрээдээ аваад явлаа. Тэгэхэд манайх Кино үйлдвэрийн өмнө дэнж дээр хашаа гэрт байсан юм. Гэртээ аваачиж сар хэртэй сувилсан чинь бие нь ер өөдөлдөггүй. Тэгээд нэг өдөр унаа олж, Уулын аман дахь ясны сүрьеэгийн больницод аваачиж хэвтүүлж байсансан. Тэнд эмчлүүлж байхдаа, олон сайхан бүтээлээ туурвиж, хэл сурч, их л урам зоригтой байсан гэдэг. Сайн эмчилгээ, сувилгааны ачаар бие нь ч сайжирсан.

Чойном бид хоёрын хувьд ийм дурсамж олныг ярьж болохсон доо. Гаргуун авъяастай, сайхан хүн байсан юм. Хэзээний л намайг зурчихсан, доор нь 4 мөрт биччихсэн байдагсан. Би, төрсөн нутагт нь байгуулсан их зохиолчийн гэр музейд бүгдийг тавьсан.

-Таныг далан насныхаа ой болно гээд нэлээн ажилтай, уран бүтээлийн их олз омогтой байгаа гэж дуулсан. Түүнээсээ танилцуулах уу?

-Нас дээр гарсан ч хэрэндээ таарсан ажилтай л байх юм. Манайх Баянхошууны хуучин эцсийн буудлаас цааш 2-3 км газар агаар ус сайтай газар нутаглаж байна. Хэдэн үнээ малтай, жижиг барилга байшин бариад овоо суурьшсан. Бидний насны хүнд агаар, сүү хоёроос эрхэм юм алга. Тэгээд л би хэдэн малаа дагаж, хөгшин маань үнээний дэлэн имэрдэг юм.

Ах дүү, хүүхэд, сайн санаатны буянаар бишгүй л болж байна.

Уран бүтээл хийх ч, одоо үед хэцүү болж дээ. Насаараа оролдсон юм болохоор даавуу, цаас, будаг гурваас холдож чаддаггүй. Бас хажуугаар нь жүжиг, киноны зохиол бичиж, өөртөө бол их л ажилтай хүн. Далан насны маань ойгоор үзэсгэлэн гаргаж өгнө гэхээр нь урамшаад, хоёр жил толгой дээш таталгүй зураг зурлаа. Хуучин бүтээлүүд дээрээ овоо ч хэдэн бүтээл нэмлээ. Зуугаад зүйл болсон байх. Тэгтэл хөрөнгө мөнгөний асуудал дээр суучихаад, үзэсгэлэн маань хойшлогдоод байна. Бөхийн өргөөнд тавихаар “босоо аврага” Самдангийн 1.5х1 метрийн том хөрөг зураг захиалгаар зурлаа.

Үзэсгэлэн маань “Өвгөдийн нутаг” нэртэй, төрөлжсөн 3 хэсгээс бүрдэх юм. Ингэж нэрлэсний учир бол би өөрөө эзэн Чингисийн нутгийн хүн. Тэгээд ч Чингис, түүний баатруудын тухай хөрөг, судалбар олон зураг бий.

Хоёрдугаар хэсэг нь Цэцэнхааны өргөө хийдийн холбогдолтой түүхэн зургууд, гурав дахь нь Налайхын тухай зургууд байгаа юм. Иймээс би үзэсгэлэнгээ “Өвгөдийн нутаг” гэж нэрлэж байгаа юм.

-Зах зээлийн өнөөгийн нөхцөлд, уран бүтээлч хүний хүнд хэцүүхэн амьдрал таныг тойроогүй дайрсан л байх. Ямаршуу янзтай амьдарч, бүтээж явна даа?

-Үнэхээр тойролгүй дайрч л байна. Би их өрнүүн сэтгэлтэй хүн л дээ. Хэр баргийн юманд гомдож гутарна гэж байхгүй, ямар ч нөхцөлд цаас үзгээ юм уу, бийр даавуугаа нийлүүлээд л сууна. Хүү маань тохилог урлан барьж өгсөн боловч “гал өөдөө” болсон. Одоо нэг жижигхэн байшинд бүтээлээ хадгалж хямгаддаг юм.

Өдөрт үхэр малаа хариулаад уул руу гарна. Тэнд л бичихийг нь бичиж зурахыг нь зурна даа. Би ер нь цэнгэг агаар, тансаг байгалийг, амьдрах үндэс урлах эрдэм гэж бодож явдаг хүн дээ. Тэгээд л хотын хөдөөг бараадсан юм. Эхнэр Норжмаа, ач охин Ганцэцэг хэдүүлээ амьдарч байна. хүү Батчулуун маань хөдөө тийшээ ажилд яваад өгсөн. Иймэрхүү л янзтай амьдарч байна. Бийр янтай угсарсан танхимын зураач байснаа, бэлчээрийн зураач болох шив дээ.

-Таны далан насны ойд баяр хүргэн уран бүтээлийн улам их амжилт ерөөе.

МЧАСЭ-ийн шагналт зохиолч,

Сэтгүүлч Галсангийн Жамъян
“Улаанбаатар” сонин 1998.11.10 Мягмар

Leave a Comment

Your email address will not be published.