“ХАР ЦЭЦЭГ” ТУУЖИЙН ТУХАЙ

047-Khar-tsetseg.jpg

news20120407ӨД сангаас эрхлэн гаргадаг “Р.Чойномын Номын сан”-гийн бүтээлүүдийг цувралаар танилцуулж байгаа билээ. “Хар цэцэг” нь дөрөв дэх ном бөгөөд “Гөлөг” туужийн үргэлжлэл юм.

ӨМНӨХ ҮГ
Манай компани 2000 оноос эхлэн Монгол Улсын төрийн соёрхолт, яруу найрагч Ринчиний Чойномын урьд өмнө нийтлэгдэж байгаагүй гар бичмэл, эх зохиолуудыг цуврал ном болгон хэвлэж байгаа билээ. Энэ удаа та бүхэнд зохиолч маань Хажуу-Улааны чанга дэглэмтэй хорих газар хоригдож (1969-1973 онд) байхдаа бичсэн “Кара гүл” буюу “Хар цэцэг” хэмээх туужийг нь өргөн барьж байна.

Энэ тууж нь ард түмний дунд он удаан жил яригдаж, нэр цууд гарсан боловч хаана байгааг нь, чухам хэнд хадгалагдан үлдсэн нь мэдэгдэхгүй байсан. Зохиолчийг таних мэдэх, түүнтэй уулзаж явсан найз нөхөд, зохиолчидтой уулзах болгондоо асууж сурагласаар байдаг байв. Удаан эрсний үр дүнд “Монгол мэдлэг” дээд сургуулийн захирал, доктор, профессор Л.Дашням гуайд хэсэг зүйл хадгалагдаж байгаа сураг олж авлаа. Энэ тухайгаа МЗЭ-ийн шагналт зохиолч А.Шартолгой гуайд хэлээд түүнтэй танилцуулж өгөхийг хүссэн юм.

Ингээд 2002 оны зургадугаар сарын сүүлчээр бид хоёр Л.Дашням гуайтай уулзахаар сургууль дээр нь очлоо. Тэрбээр “эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэдгийн адил маш энгийн, найрсаг хүн байлаа. Бид ноён хутагт Равжаа, яруу найрагч Р.Чойном нарын тухай хэсэг ярилцаж суусны дараа, өөрт хадгалагдаж буй Р.Чойномын хэдэн дэвтэр өгсөний дотор эл алдарт тууж бүхий хоёр дэвтэр байсанд машид олзуурхан баярлаж, юуны түрүүнд “Хар цэцэг”-ийг ном болгон хэвлэж, өргөн олонд уншуулахаар амлаж билээ. Алдарт туужийг олны хүртээл болгоход гүн туслалцаа үзүүлсэн доктор Л.Дашням болон зохиолч А.Шартолгой хоёртоо уншигчдынхаа өмнөөс баярласнаа илэрхийлж байна.

Зохиолч туужаа таван төгрөгний нэг, дөчин найман мөнгөний нэг дэвтэр дээр бичсэн бөгөөд эхний дэвтрийн төгсгөлийн хуудсан дээр:

“Эл дэвтрийг дүү хүүхэн Тунгалаг минь хавар өгүүлсэн бөгөөд би “Хар цэцэг” хэмээх адал бяцхан туужаа эхэлж 1971 оны 1-р сарын 1-нээс 1-р сарын 15 хүртэл олон хоног саатаж, завсар нь хэдэн ном уншиж, Хажуу-Улаан дахь шоронгийн эмнэлэгт цоохорлов.

Туужийн сүүлчийн бөлөгийг жич дэвтэр дээр бичсүгэй.

Р.Чойном”
гэж гарын үсгээ таталжээ. Дараагийн дэвтрийн төгсгөлд бичсэн үгийг номын эцсийн хуудсан дээр зохиолчийн гар бичмэлээр тавьсан болно.

Мөн зохиол дотор жижиг хар үсгээр тавигдсан он, сар, өдөр (тухайлбал, 1971.01.02)-ийг уншигч авхай та хараад гайхаж магадгүй, энэ нь тухайн өдөр хэдий хэр зүйл бичсэн, эсвэл зарим өдөр бичих зав олдоогүй зэргийг тодруулж судлахад тус болох буй заа.

Бидэнд Р.Чойномын зурсан зургууд, эх зохиолууд, гар бичмэлүүд нь бүрэн эхээрээ хадгалагдаж байдаг бөгөөд найз нөхөд, дэмжигч хүмүүсийн тус дэмээр гэр музейн үзмэр, архив маань өдөр ирэх бүр байнга өргөжин баяжсаар байна.

Уншигч та өөрт хадгалагдан үлдсэн гар бичмэл, зурсан зураг, нэрт зохиолчийн тухай материал, мэддэг зүйлээ бидэнд ирүүлбэл дараа дараагийн номондоо нийтэлж байх болно. Та бүхэнд баярлалаа.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.
“Жиком Пресс” ХХК-ийн захирал

Дорлигийн Ганболд

2003 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр

“Р.ЧОЙНОМЫН НОМЫН САН” ЦУВРАЛ №4
Номын нэр: Хар цэцэг КАРА ГҮЛ

Зохиолч: Р.Чойном
Хэвлэсэн он: 2003
Номын хэмжээ: А5
Хуудасны тоо: 148
Номын төрөл: Үргэлжилсэн үг
Худалдах үнэ: 5000Ґ
Хэвлэсэн газар: ЖИКОМ ПРЕСС ХХК

ISBN: 99929-75-04-0

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *